Хот хоорондын тээврийн жолооч нар юуны учир эсэргүүцлийн жагсаал хийв


Хөвсгөл Улаанбаатарын чиглэлд хот, хоорондын тээвэр хийдэг жолооч нар өнөөдөр Авто тээврийн үндэсний төвийн гадаа эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тус чиглэлд “Минтранс”, “Нөхөрлөл Транс” ХХК тусгай зөвшөөрөл авч, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг.

Гэтэл Авто тээврийн газрын зөвшөөрлөөр дөрөвдүгээр сарын 12-ны баасан гарагаас “Чингүн хурд транс” компани зорчигчийн хамгийн ачаалал ихтэй 19.00 цагт явуулж эхэлсэн учир жолооч нар эсэргүүцэн жагсаж буй нь энэ аж.

Улаанбаатар-Хөвсгөл аймгийн чиглэлд хоёр талаас өдөрт хоёр цаг тутамд тус бүр дөрвөн автобус явдаг. Нийтийн тээврийн автобусны суудал дүүргэлт дунджаар 60 хувьтай байдаг. Өглөө 08.00, 15.00 цагт хүн хамгийн багатай, 18.00, 20.00 цагт нь өглөө, өдрийн алдагдлаа нөхдөг юм. Гэтэл 19.00 цагт гурав дахь компанийг оруулсныг бид буруу гэж эсэргүүцэж байгаа юм.

Нөгөө талаар "Чингүн хурд транс" ХХК нь Зам тээвэр, хөгжлийн яамнаас хийсэн шалгалтаар өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ авсан. Хүний амь нас хариуцаж явдаг хариуцлагатай ажилд шалгалтад бүдэрсэн, туршлагагүй жолоочтой компанийг явуулж эхэлсэн нь буруу. Хот хоорондын зорчигч тээврийн жолооч гурван жил нийтийн тээвэрт ажилласан байх шаардлага тавьдаг гэж жолооч нар хэлж байв. 

Жолооч Э.Ганзориг: Хөвсгөл Улаанбаатарын чиглэлд нэг талдаа 820 км. Ийм холын замд цаг тутам нийтийн тээврийн автобус явна гэж юу байх вэ дээ. Манай жолооч нар энэ замд 20-иод жил явсан туршлагатай хүмүүс байдаг. Шөнийн цагаар явахад жолооч нар гэрлээ шилжүүлэхгүй, шахаж гарна, согтуу жолооч нар хамаагүй давхина. Ер нь эрсдэл ихтэй. Манай жолооч нар туршлагатай тулдаа л осолгүй явдаг. 

АТҮТ-ийн дэд дарга Ш.Батсайханаас ЗТХЯ-ны шалгалтад тэнцээгүй, эрсдэл өндөртэй гэсэн компанид яагаад зорчигч тээвэрлэх зөвшөөрөл өгснийг тодруулахад,  
-Нэг сарын өмнө шалгалт хийсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд шалгалтад тэнцээгүй бол зургаан сарын хугацаанд зөрчлөө арилгах боломж олгодог. Дараагийн шалгалт таван сарын дараа болоход дахин шалгуулна. Нөгөө талаар Улаанбаатар, Хөвсгөлийн чиглэл бол аялал жуулчлалын гол чиглэл учир өвөл, зуны аль ч улиралд зорчигч хамгийн ихтэй байдаг.

Автобусны тоог нэмэгдүүлэх тухай санал хүсэлт иргэдээс байнга ирдэг. Иргэдийн хүсэлтэд үндэслэн гуравдагч компанийг явуулж эхэлсэн. Компаниуд ачааллаа зөв тооцоолох ёстой, "Манайх л явна" гэдэг байдлаар хандаж байгаа ч хүчин чадал нь хүрэхгүй байгаа юм. Минтранс компани хүчин чадлынхаа 80 хувийг, "Нөхөрлөл транс" компани нь 54 хувиа ашигладаг. Ер нь 80 хувь ашиглаж байгаа бол бүрэн ашиглаж байна гэж үздэг.