ӨНӨӨДӨР БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ: 2019.04.15


УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа гурван асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Мөн Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж шийдвэрлэв. 

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчөөс Улсын прокурорын тухай хуулийн дагуу УИХ-тай зөвшилцөхөөр М.Чинбат, С.Алиманцэцэг нарын нэрийг оруулж ирсэн. Бүлгийн хурлаар хэлэлцээд олонх нь дэмжлээ. Хоёрдугаарт, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцсэн. Өмнө нь хуулийн агуулга нэлээд өргөн байсан. Тухайлбал, уул уурхай, ахуйн болон үйлдвэрлэлийн салбарууд ус бохирдуулсан тохиолдолд нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ хуулийг УИХ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн байгаа. Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг хуулийн концевцийг жаахан өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас ус бохирдуулсны төлбөр авахгүй байхаар хэлэлцэж дэмжсэн. Нөгөө талдаа уул уурхайн салбарын нөхөн төлбөрийг нэмэгдүүлж оруулж ирсэн. Дараагийн хэлэлцсэн асуудал бол УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл юм. Ажлын хэсэг өөрчлөлт оруулах саналаа илтгэсэн. Уг саналыг УИХ-д өргөн барихаас өмнө бүлгийн гишүүд хэлэлцэж, зарчмын хувьд гишүүдийн саналыг тусгаад дэмжсэн. 


Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах санал хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв.

ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдийн онлайн бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн бол өнөөдөр /2019.04.15/ 18:00 цагт дуусах гэж байна. Нэмэлт бүртгэл хийгдэхгүй тул заасан хугацаанаас өмнө бүртгүүлэхийг БҮТ-ээс анхаарууллаа.

Энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны "шалгуулагчийн булан"-гаас QR код бүхий "Бүртгэлийн хуудас"-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна гэж Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/-ын журамд заажээ.

ЭЕШ-ЫН ШАЛГАЛТ

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын шалгуулагчид шалгалт өгөх байр, анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2019 оны 5 дугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-гаас авна.

Шалгалтын хугацаа дуусмагц анхны дүнг шууд мэдээлнэ. Харин шалгалтын хэмжээст оноог шалгалтыг зохион байгуулсанаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны шалгуулагчийн буланд байрлуулах юм байна.

Шалгуулагчдын Монгол хэл бичгийн шалгалтын хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 6-наас, Элсэлтийн Ерөнхий Шалгалтын батламж хуудсыг 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс эхлэн тараах ажээ.


“Facebook”-ийн үйлчилгээ энэ жил гурав дахь удаагаа тасалдлаа. Ням гарагт “Facebook” болон “Instagram”, “Facebook Messenger”, “Whatsapp”-т гурван цагийн турш хандах боломжгүй болсон байна. 

Веб хуудасны саатлыг бүртгэдэг “Downdetector”-ийн мэдээллээр Нью-Йоркийн цагаар 06.30 цагаас саатал эхэлж, Ази, Европ, АНУ-ын хэрэглэгчид хэсэг хугацаанд нэвтрэх боломжгүй болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард “Instagram” түр хаагдаж, “Whatsapp” хэрэглэгчид түр хугацаанд зурвас илгээх, хүлээн авах боломжгүй болсон юм. Түүнчлэн гуравдугаар сард “Facebook”-д үүссэн доголдол 12 цагаас урт хугацаанд үргэлжилжээ.

Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаагийн алба Япон улсын Осока хот руу нисэх чиглэлд суусан 21 настай иргэн “А”-гийн хар өнгийн аялалын цүнхнээс зэвсэг/гар буу/ илрүүлжээ.

   Шинжээчдийн дүгнэлтээр олдсон гар буу нь 1940-өөд оны үед хэрэглэгдэж байсан Герман улсад үйлдвэрлэгдсэн маузер төрлийн буу байсан бөгөөд энэ нь дэлхийн 1-р дайны үед болон Өмнөд Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөн зэрэгт ашиглагдсан байх магадлалтай гэж үзжээ.

   Мөн шинжээчид уг гар бууг цэргийн болон түүхийн музейн үнэтэй үзмэр байж болох талаар ч дурьдсан байна.

   Харин цагдаагийн газраас иргэн “А”-г байцаахад уг аялалын цүнхийг өнгөрсөн онд аав нь гэрийнхээ ойролцоох газраас олсон бөгөөд хэрэглэж болохоор шинээрээ шахуу байсан тул гэртээ авчиран хадгалсан байна.

   “А” энэ удаа цэргийн алба хаахын өмнө Японы Осока руу найз нарын хамт аялалаар уг цүнхийг авч явахаар шийдсэн ч цүнхний ар талын халаасанд юу байгааг нягталж үзээгүй нь миний буруу хэмээн үнэнээ хэлсэн байна.

   Мөн түүний аав “Б”-г дуудан байцаалт авахад: Цүнхийг олж хадгалсан нь үнэн боловч үнэхээр тэр цүнхэнд буу байгааг мэдээгүй хэмээн мэдэгджээ.

   Цагдаагийн газраас аав хүү 2-ыг буруутгах шалтгаан байхгүй хэмээн үзсэн ба харин энэ бууг уг цүнхэнд хэн хийж орхисныг тодруулах ажлыг эхлүүлсэн байна.