Э.Макрон: Сүмийг сэргээн босгоход дэлхийн улс орнуудаас хандив хүснэ


Парисын бэлгэдэл болсон Дарь эхийн сүм шатсан талаарх мэдээллийг авсан даруйдаа тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон газар дээр нь яаралтай очсон бөгөөд галыг бүрэн унтрааж амжаагүй шахам байхад дотогш орж, тэндээсээ BFM телевизийн шууд нэвтрүүлэгт орон ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ:

“Бид хамтдаа Дарь эхийн сүмээ сэргээн босгоно. Энэ ажилд хил хязгаар, улс орон хамаарахгүйгээр маргаашнаас эхлээд хандив цуглуулна. Энэ ажилд хилийн зааг ялгаа байхгүй. Сүмийг сэргээн босгох ажилд орчин үеийн хамгийн нэрт уран барилгачдыг ажиллуулна" гээд галыг унтраасан гал сөнөөгчдөд талархал илэрхийлсэн байна.

Сүм өчигдөр оройноос эхлэн шатсан бөгөөд 400 гар сөнөөгчид ажиллаж байж унтраасан байна. Галын шалтгаан сүмийг сэргээн босгож байсантай холбоотой байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Сүмийн ойгоор хучигдсан нэг хэсэгт нь сэргээн босгох ажил явагдаж байсан бөгөөд гал чухам тэндээс эхэлж гарчээ.