Гадаад паспортыг цахимаар захиалах үйлчилгээ хараахан эхлээгүй байна


Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг шинэчилж, цахимжуулж байгаа. Тухайлбал, гуравдугаар сарын 15-наас иргэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхээ цахимаар захиалдаг болно гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлсэн. Гэвч одоог болтол энэ үйлчилгээ эхлээгүй байна. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлахад “Иргэний үнэмлэх болон гадаад паспортыг цахимаар захиалах үйлчилгээ хараахан эхлээгүй байгаа. Гэхдээ энэ сардаа багтаад үйлчилгээг нэвтрүүлнэ. Одоогоор программ дээр ажиллаж байна” гэлээ.

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол Улсын иргэн гадаадаас, мөн бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болох юм.

Мөн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн дуусах хугацааг иргэнд зургаан сарын өмнө болон нэг сарын өмнө гэсэн дарааллаар хоёр удаа гар утас болон холбогдох хаягаар нь мэдэгддэг ажээ.