Г.Өнөрбаяр: Одонтой эхчүүдийн тэтгэмж улсын төсөвт дарамт үүсгэж байна


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Алдарт эх” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонслоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гадаадад томилолттой яваа учраас тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр сайдынхаа мэдээллийг танилцуулсан юм.

Тэрээр “1957 оноос олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулж, хүн амаа өсгөх бодлогын хүрээнд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг олгож эхэлсэн. Найм болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх” нэгдүгээр одон, 5-8 хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх” хоёрдугаар одонг олгож байсан. Энэ зохицуулалт өөрчлөгдсөөр одоо дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх хоёрдугаар зэргийн одон, зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одон олгож байгаа. Мөн нэгдүгээр зэргийн одонтой эхэд жил бүр 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд жил бүр 100 мянган төгрөг олгож байгаа. 2018 онд 218.6 мянган одонтой эхэд нийт 30 тэрбум төгрөг олгосон. Энэ нь нийт халамжийн 7.2 хувийг эзэлж байна. “Алдарт эх” одонг шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4500 хүнээр нэмэгдэж байгаа. “Алдарт эх” одонтой бүх эхчүүдэд амьжиргааны түвшин харгалзахгүйгээр насан туршид нь тэтгэмж олгож байгаа нь сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний дарамт үүсгэх боллоо. Дэлхийн бусад улс оронд насан туршид нь олгодог ийм нийгмийн халамжийн хөтөлбөр байдаггүй. Гэтэл манай улсын одонтой эхчүүдийн хүүхдүүд ч одон авч энэ тэтгэмжид хамрагдах боломж нээлттэй байна” гэлээ.

Эхчүүдэд “Алдарт эх” одон олгох шалгуур тавихдаа хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрсэн байхыг шаарддаг аж. Гэвч дөрвөн хүүхэд төрүүлсэн ч хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрэлгүйгээр эндсэн эхчүүд “Алдарт эх” одон авах хүсэлтэй байгаагаа уламжлан УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ханджээ. Гэвч эдгээр хүмүүст одон олгож тэтгэмж өгөхөөс илүү энэхүү тэтгэмжийг хэмжээг бууруулах, хүүхдийн нас зааж олгох зэргээр зохицуулалт хийхгүй бол төсөвт ачаалал үүсгэх болсон гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан хэлж байлаа. Харин зарим УИХ-ын гишүүн "Хуульдаа өөрчлөлт оруулж эдгээр эхчүүдэд одон олгох асуудлыг багтаах хэрэгтэй" гэсэн юм.