ӨНӨӨДӨР БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ: 2019.04.16

Боловсролын үнэлгээний байгууллагуудын хамтарсан хяналт, шинжилгээ-үнэлгээ хийх шалгалтыг хувийн хэвшлийн дээд сургуулиудад хийлээ. 



Энэ удаагийн шалгалтад 18 дээд сургууль хамрагдсан бөгөөд эдгээрээс зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргаж, гурван сургуулийг бусад сургуультай нэгтгэж, дөрвөн сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Их, дээд сургуулийн тоо 2004-2005 оны хичээлийн жилд 184-д хүрч байсан бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд 96 болж буураад байсан юм.

ЦЕГ-аас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, “Байгалиа хамгаалъя” шалгалтын талаар мэдээлж байна.

МХЕГ-ын төлөөлөл н.Батбаяр: Ойн тухай хуулийн хүрээнд бид нийт 268 зөрчил илрүүлсэн. Үүний 233-ыг нь арилгуулсан. Мөн 231 метр куб мод, модон материал хураасан. Нийт 72 албан шаардлага, 18 акт тавьж, 25 сая  төгрөгийн нөхөн төлбөр ногдуулан барагдуулсан байна.

27 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн, 5-ыг нь шүүхээр шийдвэрлэжээ. Амьтны тухай хуулийн хүрээнд 145 зөрчил илрүүлж, 115-ыг нь арилгасан. Ангийн буу, хавх, завь зэргийг хураан авсан. 166 сая төгрөгийн нөхөн төлбөр, 23 сая төгрөгийн торгууль ногдуулсан. 8 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн, 4 иргэний хэргийг шүүх тасалсан байдаг.

Ер нь гэмт хэрэг гарсных нь дараа арга хэмжээ авах биш, нөлөөллийн ажлыг ч мөн хийдэг. 68 санамж, 205 анхааруууга, 20 гаруй зөвлөмж гаргасан. 12 мянган ААН-д эдгээрийг хүргүүлжээ.

Мөн 500 орчим мянган иргэнд мэдээлэл түгээсэн юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ч идэвхжүүлсэн. Зэрлэг ан амьтны эд эрхтнийг худалдан борлуулах, бэлтгэх үйл явцад хяналт авдаг. Томоохон зах, худалдааны төвүүдэд ийм хэргүүд олон гардаг тул анхаарна. Иргэд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. Хамтран ажилласан иргэдийг урамшуулах талаар судалж байна.   

"Бүс ба зам" бодлогын хүрээнд “Торгоны зам дагуух Үндэсний музейдийн эрдэнэс” үзэсгэлэн 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл БНХАУ-ын Үндэсний музейн үзэсгэлэнгийн 7, 8 дугаар танхимд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд 12 улсын Үндэсний музейн 234 шилдэг үзмэрийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд Монголын Үндэсний музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг үзмэрийг дэглэн оролцуулж байна.  Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар оролцсоноос гадна БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шү, Соёлын өвийн газар, Хятадын Үндэсний музейн захирал болон БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцов.

Энэхүү үзэсгэлэн олон улсын музей, соёлын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүгээрээ дамжуулан торгоны замын түүхийг олон нийтэд уламжлан таниулах зорилготой юм.

Парисын бэлгэдэл болсон Дарь эхийн сүм шатсан талаарх мэдээллийг авсан даруйдаа тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон газар дээр нь яаралтай очсон бөгөөд галыг бүрэн унтрааж амжаагүй шахам байхад дотогш орж, тэндээсээ BFM телевизийн шууд нэвтрүүлэгт орон ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ:

“Бид хамтдаа Дарь эхийн сүмээ сэргээн босгоно. Энэ ажилд хил хязгаар, улс орон хамаарахгүйгээр маргаашнаас эхлээд хандив цуглуулна. Энэ ажилд хилийн зааг ялгаа байхгүй. Сүмийг сэргээн босгох ажилд орчин үеийн хамгийн нэрт уран барилгачдыг ажиллуулна" гээд галыг унтраасан гал сөнөөгчдөд талархал илэрхийлсэн байна.

Сүм өчигдөр оройноос эхлэн шатсан бөгөөд 400 гар сөнөөгчид ажиллаж байж унтраасан байна. Галын шалтгаан сүмийг сэргээн босгож байсантай холбоотой байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Сүмийн ойгоор хучигдсан нэг хэсэгт нь сэргээн босгох ажил явагдаж байсан бөгөөд гал чухам тэндээс эхэлж гарчээ.



Өнгөрсөн 7 хоногт Канг Вон мужийн Кү Сонг дүүргийн захиргаанд Инчон хотын Нам Дун дүүргийн Кү Вол хорооны нэгэн иргэнээс ирсэн шуудан тус дүүргийн захиргааны ажилчдын нүдийг нээжээ.

Учир нь тус шуудангийн илгээмжийн хайрцагт хүүхдийнхээ 1 насны ойн бөгжийг нэгэн захидлын хамт илгээсэн байна. 

Захидлыг сийрүүлбэл “Хэд хоногийн өмнө бага хүү маань 1 ой хүрч бид уламжлалын дагуу тэмдэглэсэн. Тэгээд ойр дотны хүмүүс болон найз нөхдийн хүүд маань бэлэглэсэн бөгжнүүдийг их гал түймрийн хохирогч нарт нэмэр болгох үүднээс хандивлаж байгаа юм. Энэхүү бөгжинд хүүхдийн гэнэн цагаан хайр шингэсэн гэдэгт бид итгэж байна. Иймээс хохирсон хүмүүсийн сэтгэлийг бага ч болов дэвтээх сайн үйлсэд зориулаарай” гэж бичсэн байсан бөгөөд хайрцаг дотор 5 ширхэг хүүхдийн алтан бөгж, 1 ширхэг алтан бугуйвч хийсэн байжээ. 

Харин тус хотын дарга Ким Чол Сү “Хайрцгийг задлан гарч ирсэн зүйлийг хараад өөрийн эрхгүй нулимс гарсан бөгөөд 90-ээд оны эдийн засгийн уналт /IMF/-ын үед Солонгос даяараа алтан эдлэлээ хандивлаж байсан үе санаанд орлоо” гээд “Энэ хүнийг заавал олж баярлаж талархсан сэтгэлээ илчлэх болно” гэсэн байна. 

Мөн тэрээр “Хэнийг нь ч үл таних хүнээс хүүхдийнхээ дурсгалын үнэ цэнэтэй зүйлийг сэтгэл харамгүй өгч байгаа нь манай улсын иргэдийн нэгдмэл чанар хэвээрээ гэдгийг тодхон харуулж байгаа явдал боллоо” хэмээн онцлон хэлжээ.