24 цагийн дотор 700 сая евро цугларчээ


Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Парисын дарь эхийн сүм түймэрт шатсаны дараа Ерөнхийлөгч Эммануэль Макрон Нотр Дамыг олон улсын болоод дотоодын иргэдийнхээ хандив тусламжаар таван жилийн дотор сэргээн босгоно гэдгээ мэдэгдсэн юм.

Түймэр унтарсан даруйдаа Франц даяар хандивын аян өрнөж, хувь хүмүүс болон бизнесийн байгууллагууд энэ үйлсэд хөрөнгө амласаар байна. Байгалийн үнэт өвийг хамгаалдаг “Du Patrimoine” сан олон улс даяар хөрөнгө босгох үйл ажиллагаа өрнүүлж байгаа аж.

“Japan times” агентлагийн мэдээлснээр томоохон байгууллагууд болон бизнесмэнүүд Нотр Дамыг сэргээн засварлах ажилд 24 цагийн дотор 700 сая еврог /790 сая ам.доллар/ хандивлахаа амлажээ.

“Kering” компанийн захирал Франсуа-Хенри Пино сүмийг сэргээн засахад 100 сая евро хандивлана гэдгээ хамгийн эхэнд зарласан. Үүний дараа тансаг зэрэглэлийн бараа борлуулдаг “LVMH” компанийн захирал Францын тэрбумтан Бернар Арно 200 сая евро хандивлана гэдгээ амласан юм.

Францын L’Oreal-ийн өв залгамжлагч Беттенкурт-Мейерийн гэр бүл ч мөн 200 сая еврог амласан бол тус улсын томоохон газрын тосны компани Total сүмийн засварт 100 сая евро хандивлахаа амлажээ.

Түүнчлэн Францын агаарын тээврийн компани сэргээн босголтын ажилтай холбоотой нислэгийг үнэгүй явуулж өгөхөөр болсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүмийг сэргээн босгоход шинжээчдээ явуулан тусламж үзүүлэхдээ таатай байна гэв. Их Британи болон Испаний эрх баригчид мөн адил сүмийг сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулах арга зам эрэлхийлж байгаа тухай мэдээлжээ.

Эх сурвалж: BBC, Japan times