Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт Сүхбаатарын талбайд боллоо

Нийслэл хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид Сүхбаатарын талбай дээр Мэргэжлийн ангийн дадлага сургуулилт хийж байна. Энэ удаагийн сургалтад 36 байгууллагын 4200 алба хаагч, ажилчид хамрагдсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах тухай” захирамж гарч, бэлтгэл ажлыг хангах 14 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэлд сүүлийн 30-аад жилийн хугацаанд анх удаа зохион байгуулах гэж буй онцлогтой. Харин өнгөрсөн хугацаанд дүүргүүдэд гурван жилд нэг удаа иж бүрэн сургууль хийгдэж ирсэн. Тодруулбал, 2018 онд Баянзүрх, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт энэхүү сургуулийг зохион байгуулж, Багануур дүүргийн орон сууцны иргэдийг, мөн Хонхор тосгоныг бүхэлд нь, Москва хорооллын орон сууцны иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн гамшгийн улмаас нурсан барилга байгууламжид эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсан гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.