ӨНӨӨДӨР БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ: 2019.04.17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

Уулзалтын эхэнд 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигийг уншиж сонордуулав.

Мөн зарлигийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Японы мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн долоо хоног өгчээ. 

Тэгвэл Хакүхо аварга иргэншлээсээ татгалзах хүсэлтээ МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар өнгөрсөн 7 хоног хүргүүлжээ. Тэрбээр 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Их аварга Японы иргэн болсоноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, Сүмогийн холбоонд ажиллах эрх нь нээгдэх билээ. Тэрбээр Японы мэргэжлийн Сүмо бөхийн холбоонд ажилласанаар олон олон Монгол бөхчүүд барилдах боломж нэмэгдэх аж.

УИХ -ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерѳнхийлѳгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чѳлѳѳлүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт ѳргѳн барилаа.

Монголбанкны Ерөнхийлөгчийг хуульд заасан үүргээ цалгардуулж, банк санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж Капитал банкийн дампууруулсан зэргээс дүгнэхээр байгаа тул УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж өгнө үү гэж албан бичигт дурьджээ. 

Уг албан бичгийг доор хавсаргав. 

Монгол Улсын их дээд сургуулийн /улсын болон хувийн/ дээд боловсролын эрдмийн зэргийг Ази Номхон далайн бүс нутгийн орнууд болох Япон, Австрали, БНСУ, Шинэ Зеланд гэх мэт улсуудад тавдугаар сарын 1-ний өдрөөс хүлээн зөвшөөрдөг болно.

Тодруулбал, Ази Номхон далайн орнуудыйн дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай бүс нутгийн ЮНЕСКО-ийн 2011 оны Токиогийн конвенц хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болжээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн газрын дарга Либинг Ванг нар 13:00 цагт Төрийн ордны "Г" танхимд мэдээлэл хийнэ.


Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Парисын дарь эхийн сүм түймэрт шатсаны дараа Ерөнхийлөгч Эммануэль Макрон Нотр Дамыг олон улсын болоод дотоодын иргэдийнхээ хандив тусламжаар таван жилийн дотор сэргээн босгоно гэдгээ мэдэгдсэн юм.

Түймэр унтарсан даруйдаа Франц даяар хандивын аян өрнөж, хувь хүмүүс болон бизнесийн байгууллагууд энэ үйлсэд хөрөнгө амласаар байна. Байгалийн үнэт өвийг хамгаалдаг “Du Patrimoine” сан олон улс даяар хөрөнгө босгох үйл ажиллагаа өрнүүлж байгаа аж.

“Japan times” агентлагийн мэдээлснээр томоохон байгууллагууд болон бизнесмэнүүд Нотр Дамыг сэргээн засварлах ажилд 24 цагийн дотор 700 сая еврог /790 сая ам.доллар/ хандивлахаа амлажээ.

“Kering” компанийн захирал Франсуа-Хенри Пино сүмийг сэргээн засахад 100 сая евро хандивлана гэдгээ хамгийн эхэнд зарласан. Үүний дараа тансаг зэрэглэлийн бараа борлуулдаг “LVMH” компанийн захирал Францын тэрбумтан Бернар Арно 200 сая евро хандивлана гэдгээ амласан юм.

Францын L’Oreal-ийн өв залгамжлагч Беттенкурт-Мейерийн гэр бүл ч мөн 200 сая еврог амласан бол тус улсын томоохон газрын тосны компани Total сүмийн засварт 100 сая евро хандивлахаа амлажээ.

Түүнчлэн Францын агаарын тээврийн компани сэргээн босголтын ажилтай холбоотой нислэгийг үнэгүй явуулж өгөхөөр болсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүмийг сэргээн босгоход шинжээчдээ явуулан тусламж үзүүлэхдээ таатай байна гэв. Их Британи болон Испаний эрх баригчид мөн адил сүмийг сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулах арга зам эрэлхийлж байгаа тухай мэдээлжээ.