“Дэлгэрэх хүнс” компани нас барсан автобусны жолоочид цуглуулсан хандив болох 20 сая төгрөгийг хохирогчдод тараажээ


Өнгөрсөн нэгдүгээр сард Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд явж байсан 45 зорчигчтой автобус осолдож, хоёр хүн нас барж, олон хүн гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Автобусны ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэд өнөөдөр /2019.05.15/ гомдолтой байгаа талаараа Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Автобус осолдох үед зорчиж явсан зорчигдын нэг Ж.Баярцэнгэлийн хувьд хүнд гэмтэж, тэргэнцэртэй явдаг болжээ. Тэрбээр “Тухайн үед цагаан сарын баяр болох гэж байсан учраас автобусанд хөдөө орон нутгийн зорчигч олон явсан. Орон нутгийн зорчигчид хүнд, хөнгөн бэртэл их авсан. Энэ удаа тэр зорчигчид хотод ирэх боломжгүй учраас хотод байгаа хүмүүс мэдээлэл хийж байна” гэдгийг хэлсэн юм.

Зорчигч Ж.Батцэнгэл “Өнөөдрийг болтол Авто тээврийн үндэсний төв болон “Дэлгэрэх хүнс” компанийн зүгээс хариуцлага хүлээж, зорчигчдын хохирлыг барагдуулах нь битгий хэл автобусны жолооч хариуцлагын даатгалгүй байсан гэдэг хариултыг өгч хариуцлагаас бултсаар байна. Бидэнд “Дэлгэрэх хүнс” компанийн хуулийн зөвлөх 100-900 мянган төгрөгийн нөхөн олговор өгсөн. Тэр мөнгө нь нас барсан автобусны жолоочид  жолооч нар цуглуулсан хандив болох 20 сая төгрөг юм билээ. Гэтэл компанийн зүгээс гаргасан юм шиг ойлголт төрүүлж, зорчигчдод хувааж тараасан байсан” гэв.

“ОСЛЫН ҮЕЭР ХАМРАА ГЭМТЭЭЖ, ХАМРЫН НҮХГҮЙ БОЛСОН”

Осол болсон үед 40 орчим зорчигч нь Замын-Үүдэд эмнэлгийн анхан шатны тусламж авч, 38 хүн Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж иржээ. Мөн зорчигчдын дунд хүнд гэмтэлтэй долоо, хүндэвтэр гэмтэлтэй 14 хүн байгаа аж. Ослоор гэмтсэн зорчигч дунд Монголд эмчлэх боломжгүй, эрүүл мэндээрээ хохирсон цөөнгүй иргэн байгаа аж. Тэдний нэг бол Ш.Цэцэгдэлгэр. Тэрбээр “Миний хамар, нүдний ухархайтай гэмтсэн. Одоо хамар маань ямар ч нүхгүй болчихсон. Надад амьсгалахад ч хэцүү байна. Байнга амаараа амьсгалж байна. Тэгээд  энэ гэмтлээ эмчлүүлэхээр хувийн эмнэлэгт очиход “Таны хамрын арьсыг шанаанаас нь авч нөхөх мэс засал хийж болно. Гэхдээ энэ чиглэлээр Монголд мэс засал хийхгүй. Маш хүнд хагалгаа байна. Эсвэл та гадаад оронд хагалгаа хийлгэх шаардлагатай” гэдэг хариултыг сонсчээ.

Тухайн үед осолдсон автобусны туслах жолоочоор ажиллаж, амь насаа алдсан жолоочийн төрсөн дүү Б.Баярсайхан гомдолтой байгаа гэдгээ нүдэндээ нулимстай өгүүлэв.

Б.БАЯРСАЙХАН: “АХЫН МААНЬ ХҮҮХЭД ОРОЙ БҮР ААВЫГАА НЭХДЭГ”

“Би тухайн үед автобусны туслах жолоочоор явж байсан Б.Бат-Эрдэнэ гэж хүний төрсөн дүү байна. Манай ахыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр насанд хүрээгүй, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй байсан гэх мэтээр худлаа мэдээлж байгаад гомдолтой байна. Би өнөөдөр ахынхаа мэргэшсэн жолооны үнэмлэхийг нь хүртэл авч ирлээ.  Авто тээврийн үндэсний төв болон “Дэлгэрэх хүнс” компанийн Улаанбаатар-Замын-Үүд рүү явах орон нутгийн замын төлөвлөгөөг н.Цолмон гэдэг хүн гаргасан байна. Гэтэл миний ахын овог нэрийг бичилгүй, 2019 оны нэгдүгээр сарын 5-ны 20.00 цагт хотоос хөдлөхөд туслах жолоочийн нэрийг Я.Энхтайван гэдэг хүний нэрээр бичсэн байсан. Энэ хүн бас өөр төлөвлөгөөнд автобусны үндсэн жолоочоор явж байна гэсэн байсан. Ах маань хоёр бага насны хүүхэдтэй. Том хүүхэд нь одоо дөрвөн настай. Өдөр бүр аавыгаа нэхэж, том автобус явах болгонд аав ирлээ гэж хэлдэг. Ээж маань  ч гэсэн сэтгэлдээ гомдолтой өнөөдрийг хүртэл явж байна” гэлээ.

“АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ОСОЛД ХАМААРАЛГҮЙ ГЭЖ ХЭЛСЭН”

”Дэлгэрэх хүнс” компанийн хариуцлагагүй байдлаас болж би эрүүл мэндээрээ хохироод байна. Миний хувьд бизнес эрхэлдэг хүн учраас бараандаа явж байсан. Би лангуугаа хураагаад, гэртээ таван сарын турш хэвтэрт байлаа. Би гэхэд банкны зээлтэй. Гэтэл ослын улмаас эрүүл мэндээрээ хохирч, банкны зээлээ ч төлж чадахгүйд хүрээд байна.Тус компанийн захирал н.Жаргал гэж хүнтэй утсаар холбогдож, “Хохирлоо барагдуулаач ээ” гэж хэлэх гэхээр утсаа авдаггүй. Нэг ч удаа дуу хоолойг нь сонсож үзээгүй. Менежер нь утсаа ганц хоёр удаа авч байсан ч ерөөсөө тодорхой хариу хэлдэггүй. Аргаа бараад байцаагч руу нь залгахаар “Та нар хүлээж бай” гэдэг. Мөн Авто тээврийн үндэсний төвийн хуваарь бичдэг н.Цолмонгийн өмгөөлөгч н.Санчирболд биднийг эмнэлэгт хэвтэж байхад ирээд “Жолоочтой хуйвалдаж, хуваарьгүй бичилт хийж гарсан учраас манай төв давхар хохироод байж байна. Энэ осол манай төвтэй ямар ч хамааралгүй” гэсэн тайлбар өгдөг гэж хохирогч, зорчигч У.Одонтуяа ярилаа.