ӨНӨӨДӨР БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ: 2019.05.15


Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд тээвэр хийдэг жолооч нарын “Эсэргүүцлийн цуваа” жагсаал өнөөдөр эхэллээ.

Тэд энэ сарын 6-наас эхлэн ажил хаялт зарласан. Шалтгаанаа тайлбарлахдаа "Сүүлийн 14 хоногийн хугацаанд нүүрс тээврийн үнэ огцом уналаа. Нүүрсийг тонн тутмыг 115 юаниар зөөдөг байсан бол одоо 65 юаниар нүүрс зөөж байна. Тээврийн үнэ ингэж унаснаар нүүрс тээвэрлэгч компаниуд ямар ч ашиггүй ажиллах боллоо. Иймд нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг шинэчилж, Засгийн газрын хуралдаанаар авч шийдэж өгнө үү. Мөн нүүрсний тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 13-ны дотор хийхийг шаардаж байна" гэсэн юм. 

Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаст дарлаа.

Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус, тус дардаг байна.

Төрийн тамга нь Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байдаг.



10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-наас 25-ны хооронд:

• БАЙНГЫН ЦЭГ: (Өрхийн эрүүл мэндийн төв)

• ТҮР ЦЭГ: (Төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж) 

• ЯВУУЛЫН БАГ: (төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны зах, орон нутагт бүртгэлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид, орон гэргүй, хогийн цэг дээр амьдардаг, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, дүүргийн алслагдсан хэсэг, эмнэлгийн хүүхдийн тасаг) зэрэг газруудад зохион байгуулж эхэллээ.

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэлж байна




Шинэ Зеланд улсын эрх баригчид “Сайн сайхан амьдрал”-ын мөнгийг дэлхийн улс орнууд дундаас анх удаа улсынхаа төсөвт суулгажээ. Энэхүү төсвийг ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд зарцуулах талаар тус улсын Сангийн яамны сайд Гранд Робертсон өчигдөр мэдээллээ.

Олон Улсын Валютын Сангийн тооцоолсноор Шинэ Зеландын эдийн засаг 2019 онд 2.5 хувь, 2020 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байна. Гэхдээ энэхүү эдийн засгийн өсөлт энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй байгааг Робертсон онцолжээ. Шинэ Зеландад амиа хорлолтын түвшин өсөж, орон гэргүй хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа аж. Тиймээс энэ шийдвэрийг гаргажээ.

Ийнхүү Шинэ Зеланд иргэдийнхээ сайн сайхан амьдрал болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд бүхэл бүтэн төсөв боловсруулсан анхны барууны улс болж байна. Энэ төсвийн дагуу яамдууд ч бодлого боловсруулах шаардлагатай. Тус улсын эрх баригчид 2019 оны төсвөө тавдугаар сарын 30-ны өдөр албан ёсоор зарлах юм байна.

Робертсон эхний ээлжид өндөр хамгаалалтад байдаг шоронгийн хоригдлуудыг дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүйн тул сэргээн хүмүүжүүлэх хөтөлбөрт дээрх төсвийн зарим мөнгийг зарцуулах талаар дурдлаа. Харин сөрөг хүчний үндэсний намынхан энэхүү шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь тэд олон нийтийн үйлчилгээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтад илүү их хөрөнгө зарцуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.

БНСУ-ын хэмжээнд энэ оны I улирлын байдлаар цагийн ажил буюу арбайте хийх ажлын хөлс болон цагийг тодорхойлсон судалгааны дүнг өнөөдөр танилцуулжээ.

   Судалгаанд 3215 хүнийг хамруулсан бөгөөд тэд долоо хоногт 20 орчим цаг ажиллан, дунджаар нэг цагийн 8645 воны ажлын хөлс авч буй нь тус улсын хуулинд заасан хэмжээ/8350 вон/-нээс 295 вон илүү байгааг тогтоосон байна.

   Орон нутгийн бүсээр авч үзвэл Сөүл-8840 вон, Чүнгчон-8783, Кёнг Ги-8671, Кёнгбук-8628, Кёнгнам-8513, Инчеон-8513, Кванжү, Чоннам, Чонбук-8438 вон байгаа харвал улсын хэмжээнд хуулийн хэрэгжилт амжилттай хэрэгжиж буйн илрэл гэж үзжээ.

   Харин ажлын байр, мэргэжлийн төрлөөрөө сургууль, цэцэрлэгийн цагийн багш нарын ажлын хөлс хамгийн их буюу 14350 вон байсан бол дэлгүүр болон үйлчилгээний туслах ажилчдын ажлын хөлс нь хуулийн заасан хэмжээнд хүрэхгүй буюу 8229 вон байсан нь тогтоогджээ.