Д.Трамп өчигдрөөс эхлэн мэдээлэл технологийн салбартаа онц байдал зарлажээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.05.15/ мэдээлэл технологийн салбартаа онц байдал зарлажээ. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй гаднын тоног төхөөрөмж, технологийг хэрэглэхийг хориглож байгаа юм. Дональд Трампын уг шийдвэрт тодорхой компанийн нэр дурдагдаагүй ч ерөнхийдөө бол Хятадын “Huawei” компанийг шахан зайлуулах алхам гэж ажиглагчид харж байна.

Онц байдал зарлахаас өмнө АНУ-д төрийн байгууллагууд “Huawei”-н бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоод байсан ба бусад холбоотон орнуудад ч тус компанийн бүтээгдэхүүнийг ашиглахыг уриалсаар ирсэн. АНУ-нь “Huawei” компанийг тоног төхөөрөмжөөрөө дамжуулж тагнуулын үйл ажиллагаа хийж байна, технологи, оюуны өмчийг зөрчиж байна гэж буруутгадаг ч “Huawei” үүнийг эрс няцаадаг.

АНУ-ын  дээрх алхам хэдийнээ хурцдаад байгаа худалдааны дайны галыг улам өрдөж байна. Дональд Трамп, Ши Жиньпин нар ирэх сард Японы Осакад болох "Их 20"-ын чуулганы үеэр уулзах төлөвтэй байгаа бөгөөд энэхүү уулзалтаас хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны маргааныг шийдвэрлэх чухал алхам хийгдэж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

Эх сурвалж: CNN