“ Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын 76 дахь гишүүний



Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,  “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой санал байна. УИХ-ын Цахим бодлогын хороо байгуулагдаад нэг жил өнгөрч байгаа ч нэг л удаа хуралдсан. Хуралдах бүрт ирц хүрэхгүй  хойшлогдож байна. 26 гишүүн дотор бөөн дарга нар орчихсон. Ажилтай хүмүүс нь түр хорооноос өргөдлөө өгч сайн дураараа гарч түр хорооны ажлыг явуулж өгөөч.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Би удаа дараа чуулганы хуралдаан дээр хэлж байгаа. УИХ-ын 2016 оны сонгуулиар  42 гишүүн шинээр сонгогдсон. Би орон нутагт уулзалт хийх бүртээ УИХ өмнөх шигээ дампуу байдалтай байхгүй ээ. Ирц сайн бүрдэнэ, хариуцлагатай хүмүүс орж ирсэн гээд магтаж магтаж ирсэн. 2016 оны өвлөөс эхлэн байнгын хорооны болон чуулганы  ирц хангалтгүй болж эхэлсэн. 2017 онд Д.Тэрбишдагва бид хоёр шаардсаны үр дүнд ирц бага зэрэг сайжирсан. Энэ хаврын чуулганаас эхлэн гишүүд хурууны хээгээр ирц бүртгүүлж, саналаа өгдөг болсон. Үүнийгээ их л мундаг зүйл хийчихсэн мэт ярьж байгаа. Үнэндээ цэцэрлэгийн хүүхдүүдээс долоон дор байж болохгүй. Сая Б.Пүрэвдорж гишүүн түр хорооны ирц бүрдэхгүй байна гэж хэллээ. Байнгын хорооны ч ирц бүрдэхээ байсан. Ийм байдалтай цаашдаа явах уу. Гишүүд ажлын хэсэгт орно гэсээр орчхоод дараа нь ажлын хэсгийн хуралдаандаа огт ирдэггүй тал зөндөө бий. Хоёрдугаарт түймэр, гамшгийн асуудлыг анхааралдаа авч мэдээлэл өгмөөр байна. Би Ерөнхий сайдад асуулга хүргүүлээд удаж байна. Өнөөдөр орж байгаа жоохон хур тунадаст тайвшраад сууж болохгүй.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Нийгэмд өнөөдөр тулгамдсан асуудалд бид  хариултуудыг нь өгч хурдан шуурхай шийдвэр гаргах ёстой. Монголчууд бидний хамгийн гол хэрэглээ нь мах. Махны үнийг төр бодлогоор зохицуулаад өгөөч гэдгийг би намраас хойш хэлж байна. Нийт малын 90 хувь нь бог мал. Адуу, үхэр үлдсэн хувийг нь эзэлдэг. Гэтэл адуу, үхрийн мах үнэтэй болчхоод байгаа нь  гадагшаа экспортод гаргадаг махны үйлдвэрүүдээс адуу, үхрийн махыг захиалдаг. Үүн дээр Засгийн газар квот тогтоогоод хонь, ямааны махаа гаргах чиглэлд Засгийн газар яаралтай шийдвэр гаргамаар байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулмаар байна. Мөн Хүний эрхийн 18 дугаар илтгэлийг хэлэлцэх асуудлын хоёрдугаар оруулах санал гаргаж байна” гэсэн юм.Уг саналыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглосон Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэллээ. Үе үеийн Засгийн газар намар нь гэнэт гарч ирээд олон ангит кино хийдэг. Энэ кино нь яаж төгсөхийг хэн ч мэддэггүй. Зуух тойрч суугаад аль зуухнаас нь утаа гарах нь уу гэж тойрч зогсдог.Одоо бол сайжруулсан түлшний үйлдвэртэй очиж танилцдаг зэрэг киноны өрнөл хэсэг нь өөрчлөгдсөн байна лээ. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглочихлоо. Ямар бэлтгэлтэй байгаа талаар мэдээлэл өгмөөр байна. Манай Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хариулт өгөөч. Өнөөдөр гэр хорооллын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа. Хүүхдээ дааруулахгүйн тулд түүхий нүүрс түлээд  300 мянган төгрөгөөр иргэдээ  торгох энэ шийдвэр чинь хэрэгжээд эхэллээ. Зун чимээгүй сууцгааж байгаад өвөл дөхөхөөр одоо яах вэ гээд утааны талаар баахан хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулах нь ямар ч үр дүнгүй. Энэ талаар УИХ дээр нээлттэй ярилцъя. Холбогдох газруудаас нь мэдээлэл сонсмоор байна.

Ингээд гишүүд үг хэлж дууссан учир “ Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох илтгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “2014 онд цалингийн хэмжээг 15 хувиар нэмэхэд Засаг даргын орлогчийн цалин нэмэгдээгүй. Энэ тогтоолоор нэмэгдэх үү” гэсэн асуултад ХНХ-ын сайд  С.Чинзориг: Улс төрийн албан тушаалтны цалингийн асуудал энэ тогтоолтой хамаагүй. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогчийн цалинг нэмэгдүүлээгүй асуудал бий юм билээ. Тухайн үеийн Засгийн газар Засаг дарга нарыг орлогчгүй байх ёстой гэсэн бодлого явуулж байсан учраас 2014 онд 15 хувиар цалин нэмэгдэхэд Засаг даргын орлогч нарын цалинг нэмээгүй юм билээ. Хууль эрхзүйн орчныг сайн зохицуулахгүй бол асуудалтай байна. Засаг дарга нарын орлогчийн цалинг хэн тогтоох эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг шийдчихвэл 2020 он гэхэд Засаг даргын орлогч нарын цалинг нэмэгдүүлэхийг шийдвэрлэх боломжтой байх.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цагдаа нарын цалинг нэмэх хэрэгтэй байна. Ер нь төрийн албан хаагчдын цалинг дорвитой нэмэх талаар тооцоо судалгаа байна уу. Дундаж амьдралтай хүмүүс ядуурлын түвшинд ороход маш ойрхон байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. ХНХ-ын сайд  С.Чинзориг: Эдийн засгийн өсөлтийг ард иргэдийнхээ амьдралд наах бодлогыг баримталж байгаа. Төрийн албан хаагчдын цалин 20 гаруй хувиар нэмэгдсэн. Цалинг нэмэгдүүлэхдээ инфляцын түвшин болон ажлын байрны нөхцөлтэй уялдуулан нэмэгдүүлдэг. Цаашид цалин нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Өрхийн орлого өмнөх оныхоос 16 хувиар нэмэгдсэн гэсэн тоон судалгаа гарсан байна.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.