ӨНӨӨДӨР БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ: 2019.05.16

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чуулганы нэгдсэн хуралдааны үеэр халдварт өвчний эрт илрүүлэлтийн талаар гишүүдийн асуултад хариулахдаа Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд сүрьеэгээр өвчилсөн, халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн талаар хэллээ.

Тэрээр “Өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь манай салбарын суурь бодлого. Тиймээс 2018 оны аравдугаар сараас эхлэн орон даяар урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн явуулж байна. Үүний үр дүнд 52 мянган хорт хавдрын тохиолдлыг илрүүлсэн.

Мөн сүрьеэгийн асуудал нэлээд яригдаж байгаа. Энэ асуудлаар тушаал гаргаж бүх ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Үүний үр дүнд одоо шуугиан тариад байгаа 15 дугаар сургуулийн 38 хүүхэд өвчилсөн, 200 гаруй хүүхэд халдвар авсан тохиолдол илэрсэн. Урьдчилан сэргийлэх үзлэгээр энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Тухайлбал, өнөө өглөө Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд өвчлөлийн зургаа, халдвар авсан 200 тохиолдол бүртгэгдсэн. Бид үнэнтэй нүүр тулах ёстой. Намайг шүүмжилнэ л биз. Миний асуудал гол нь биш. Эрт илрүүлж эмчлэх нь чухал” гэлээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар өнөөдөр АТГ-т гомдол гаргажээ. 

Тэрбээр, С.Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг толгойлох болсон. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкиудад байршуулах журам баталсан. Уг журамд мөнгийг ямар банкинд хэрхэн байршуулахыг мөн С.Эрдэнийн гарын үсгээр байршуулна гэсэн албан бичиг байна. Гэтэл С.Эрдэнэ энэ бол надад хамаагүй, Сангийн яамны мэдэх асуудал гэж байгаа нь дэндүү увайгүй үйлдэл. Тэгэхээр бичиг цаасыг нь нягтлаад үнэн мөнийг АТГ тогтоох байх гэж бодож байна. 

Хууль хяналтын байгууллагын удирдлагууд шинэчлэгдэж, Ц.Элбэгдорж, М.Энхболдын тавиулууд алга боллоо. Тэгэхээр асуудлыг шударгаар шийдвэрлэх болов уу гэж горьдож байгаа. Ард түмэн, шударга үнэний төлөө ажиллах хүн тавигдсан эсэхийг одоо харъя.

240 тэрбум төгрөг бол асар их мөнгө. Энэ хөрөнгийг арилжааны банкинд байршуулж болно. Байршуулахдаа санхүүгийн баталгаатай банкинд байршуулах ёстой шүү дээ. Угаасаа санхүүгийн чадамжгүй, хэзээ ч дампуурч мэдэх банкинд Иргэдийн тэтгэвэр, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хийж, иргэдийн мөнгийг гарзанд гаргалаа. 

Энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс үнэн зөвийг олж, шалгаач гэж АТГ-т гомдол гаргаж байгаа юм. 

УИХ дахь АН-ын зөвлөлийн зүгээс 10 сая долларын хэрэгт холбогдсон Засгийн газрын гишүүний талаар мэдээлэл авах хүсэлтээ өнөөдөр илэрхийлсэн байна.

Уг албан бичигт, " Таны тэргүүлж буй Засгийн газрын нэг сайд 10 сая америк долларын авлига авсан байж болзошгүй талаар мэдээлэл гарч байна. Иймд Засгийн газрын нэг гишүүн уг авлигын асуудалд холбогдсон эсэх талаар албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан явсан сайд уг асуудалд холбогдсон эсэх талаар яаралтай хариу өгнө үү” гэсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан албан бичгийг бүрэн эхээр нь хавсаргав.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын цагаачлалын хуульд оруулах шинэчлэлийн бодлогoo өнөөдөр  танилцуулахаар болсныг Цагаан ордноос мэдээлжээ.

Цагаачлалын шинэ бодлогын гол санаачлагч нь Трампын хүргэн, Цагаан ордны зөвлөх Жаред Кушнер юм байна. Конгрессоор хэлэлцүүлж батлуулахад хол байгаа ч энэхүү санал нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Бүгд Найрамдах намын цагаачлалын асуудлаар баримтлах үндсэн бодлого болох төлөвтэй байна.

Трампын шинэчлэлийн хүрээнд АНУ жилд гадаадаас авдаг цагаачдын тоогоо хатуу 1.1 саяд хязгаарлаж, мэргэжлийн ур чадвар өндөртэй хүмүүсийг илүү олноор хүлээж авахад анхаарчээ.

Хуулийн санаачлагчид Канад, Япон, Австрали, Шинэ Зеланд улсуудын цагаачлалын бодлогыг өөрийнхтэйгээ харьцуулж судалсан байна. Ингэхэд АНУ-д гадаадаас ирж буй цагаачдын ердөө 12 хувь нь мэргэжлийн ур чадвартай байсан бол Канадад энэ хэмжээ 63 хувь, Шинэ Зеландад 57 хувь, Австралид 68 хувь, Японд 52 хувь тус тус байжээ.

Тиймээс Трампын дэвшүүлж буй саналд цагаачдын 57 хувийг мэргэжил, ур чадварын шалгуураар сонгох нөхцөл тусгагдсан байна. Харин цагаачлалын хувь хэмжээ багатай орны иргэдэд Америк руу нүүх боломж олгодог “ногоон картны сугалаа”-г зогсоохоор төлөвлөжээ.

Малайзад 16 настай охин инстаграм хуудсаараа явуулсан санал асуулгынхаа үр дүнд амиа хорлосон хэрэг гарчээ. Талийгаач охин цахим хуудсынхаа дагагчдад хандан “Маш чухал шийдвэр. Үхэх эсвэл амьдрах сонголт хийхэд минь туслаач” гэж бичсэнээс хэдэн цагийн дараа барилгын дээврээс унасан байна.

Нийт санал асуулгад оролцогсдын 69 хувь нь “Үхэх” гэх сонголтыг охин руу явуулсан тухай Саравак мужийн цагдаагийн дарга мэдээлэв. Харин Ази Номхон Далайн бүсийн инстаграмын салбарын төлөөлөгчийн мэдээлснээр уг санал асуулгыг 24 цаг явуулаад дуусахад 89 хувь нь “Амьдар” гэсэн байжээ. Тэр үед бүх зүйл оройтсон байж. Охины хэргийн талаар мэдээлэл цахим ертөнцөөр тарсны дараа хүмүүс олноороо "Амьдар" гэх товчийг дарсан байж болзошгүй гэнэ.

Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Парламентийн гишүүн, хуульч Рамкарпал Син “Охиныг амиа хорлохыг уриалсан санал өгсөн хүмүүс энэ хэргийн хамсаатан болно. Магад ихэнх хүмүүс түүний урам зоригийг мохоогоогүй байсан бол өнөөдөр тэр амьд, сэрүүн явах байсан” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Энэхүү харамсалтай явдлын дараа тус улсын Залуучууд, спортын яамны сайд залуучуудын дунд зонхилох сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, хэлэлцэх цаг болсныг мэдэгдэв.