Заг суманд 5.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Заг суманд 5.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэн бэлчир орчимд тавдугаар сарын 16-ны 17.46 минутад 5.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл бусад бүс нутагт бага хэмжээнд мэдрэгдсэн ба чичирхийллийн хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Заг суманд болсон газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй гэдгийг Онцгой байдлын газраас мэдээлэв.

Тус аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог байна.

Сүүлийн жилүүдэд тус аймгийн нутаг дэвсгэрт 2014 онд 203 удаа, 2015 онд 542 удаа, 2016 онд 1136 удаа их бага хэмжээгээр газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ. Газар хөдлөлтийг тойм байдлаар нь нэг хүртэлх баллыг сул, 1-7 баллыг хүчтэй, 8 балл ба түүнээс дээшхийг сүйтгэгч хөдлөл буюу их хүчтэй газар хөдлөлтөд тооцдог аж.