Л.Оюун-Эрдэнэ: Экспортлох зөвшөөрөлгүй хэр нь их хэмжээгээр нөөцөлсөн асуудал гарсан


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар махны экспортод квот тогтоох асуудлыг хэлэлцэх талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. 

Тэрбээр "Махны үнэ өссөн хэд хэдэн шалтгаан байгааг Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагууд үзэж байна. Тодруулбал, цаг агаар хүндэрсэн, махны экспортод үхрийн мах ихээр гаргасан нь үнэ өсөхөд нөлөөлсөн.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлаар тодруулга авч байна. Экспортын хэмжээ нэмэгдэж байгаа нь их хэмжээгээр мах нөөцөлсөн байж болзошгүй үүн дундаа зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд, ченжүүд нөөцөлсөн байж болзошгүй зэрэг хэд хэдэн асуудал дээр ажлын хэсэг ажиллаж байгаагийн нэг хэсэг нь хууль хүчний байгууллагынхан шалгасан. Махны экспортод квот тогтоох эсэхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийднэ. 

Хүчит шонхор болон Эмээлт зах дээрх хөдөлгөөнийг ажиглан Тагнуулын ерөнхий газраас хууль бусаар мах нөөцөлсөн эсэхийг шалгасан гэж ойлгож байна. 

Засгийн газраас зах дээр худалдаалж байгаа үнийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Экспортлох зөвшөөрөлгүй хэр нь их хэмжээгээр нөөцөлсөн асуудал гарсан. Зөвшөөрөлтэй байгууллагуудад хүндрэл учруулсан зүйл байхгүй. Урд хөрш рүү мах гаргах нь дотооддоо худалдсанаас илүү байгаа тул Улаанбаатарт орж ирэх урсгалд доголдол үүсч байна. Тиймээс квот тогтоох асуудлыг хэлэлцэх байх" гэлээ.