Бельгийн хаан хоёрдугаар Альберт шинжилгээ өгөлгүй хойшлуулсан хоног тутамд 5,000 евро төлнө


Бельгийн хаан хоёрдугаар Альберт, хатан Паулогийн хамт

Сүүлийн зургаан жилийн турш нууц хүүхдээ хүлээн зөвшөөрөлгүй зугтаж байгаа Бельгийн хаан хоёрдугаар Альбертад өчигдөр шүүхээс мөнгөн торгууль оноох шийдвэр гаргажээ.

Тэрээр шинжилгээ өгөлгүй хойшлуулсан хоног тутамд 5,000 евро төлөх юм. 2013 онд эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээнээсээ буусан 84 настай Альбертын охин болохоо 50 настай зураач Дэлфин Боэл зарлаад удаж байгаа.

Тэрээр хааны охин болохоо тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд өнгөрсөн намар Альбертаас биологийн дээж авч, шинжилгээ хийлгэх шийдвэр гарч байсан юм.

 Дэлфин Боэл

Хэрвээ хааны охин гэдэг нь батлагдвал тэр албан ёсоор гүнжийн хэргэм хүртэж, өв хөрөнгөөс нь хувь хүртэх эрхтэй болно. 2013 онд Альбертыг хаан ширээнээсээ буусных нь дараа Дэлфин Боэлийн эх түүнтэй янаг амрагийн харилцаатай байснаа анх удаа телевизээр ярьсан юм.

Өөрийгөө эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэдтэй болох боломжгүй гэж боддог байсан хатагтай 1966-1984 оны хооронд эзэн хаантай дотно харилцаатай байхдаа санамсаргүй жирэмсэлсэн тухайгаа дурсан ярьсан байна. Үүний дараа Боэл эцэг тогтоолгохоор шүүхдэж эхэлсэн юм.

Альберт хаан 1970-аад оны үед гэр бүлийн харилцаа нь хямраад байсныг дурсаж байсан удаатай. Гэхдээ гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсныг огт хүлээн зөвшөөрч байгаагүй ажээ.

Хэдийгээр хаан хүн боловч улсын төсвөөр амьдардаг Альберт хаанд шүүхээс тогтоосон торгуулийн хэмжээ хүнд тусах нь гарцаагүй байна.