Нямдоржийн Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилогдвол дараагийн тэмцлээ өрнүүлнэ


Австралид суух Элчин сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг томилохыг Засгийн газрын хурлаар дэмжсэн билээ. Энэ асуудлыг эсэргүүцэж иргэд тус улсын элчин сайдын яамны гадаа жагсч, эсэргүүцлээ илэрхийлэв. 

Жагсаалд оролцогчдын зүгээс “Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг өөрийн хүү Н.Анхбаяртай нийлж уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж байсан нь нотлогдсон. Ингэж эцэг хүү хоёр авлигач Монголын төрийг самарч байна. Үүнээс гадна Ц.Нямдорж сайд өөрийн хүүг Австралийн холбооны улсад элчин сайдаар томилуулах шийдвэр гаргуулсан.  Иймд авилгажсан төрийн эсрэг тэмцэж энэхүү өргөх бичгийг барихаар ирсэн. Австралид суух Элчин сайдад Н.Анхбаярыг томилох асуудалд тус улсын элчин сайдын яам анхааралдаа авах биз ээ” хэмээлээ.

Н.АНХБАЯРЫН ТОМИЛГООГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Жагсаалын үеэр иргэн Н.Гантөр “Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд танаа 2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр өргөх бичиг хүргүүлж байна. Таны багахан цагийг зээлдэж, нэгэн асуудал хөндөж байгаад хүлцэл өчье. Эрхэмсэг ноён элчин сайд та Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Монголын ардчилалд учирч буй аюул занал, Монголын ард түмний тэмцлийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон биз ээ. Мөн түүнчлэн өнөөгийн эрх баригчид болон Гадаад харилцааны яамны удирдлагын зүгээс олон нийтийн хэвлэлд өгсөн албан ёсны мэдээллээс үзвэл танай улсад Монгол улсыг төлөөлөх Онц бөгөөд бүрэн эрхт сайдаар Н.Анхбаярыг томилсон нь тодорхой байна. Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эцэг Ц.Нямдоржийн оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Энэ тухай Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дипломат эрх, ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн ноцтой гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёс зүйн хохирлын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтны нэг нь Н.Анхбаяр мөн билээ. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж АН-ын гишүүд бид Н.Анхбаярыг Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйн эрх хэмээн үзэж энэхүү бичгийг таны сонорт хүргэлээ. Ардчилал хүний эрх, хууль дээдлэх ёс хүндэтгэн авлигал хээл хахуулийн эсрэг дэлхий дахины манлайлагч орны хувьд Австрали улс бидний тавьж буй шаардлагад анхааралтай хандана уу гэдгээ илэрхийлж байна. Өнөөгийн эрх баригчид парламент дэх олонхдоо тулгуурлан Н.Анхбаярыг элчин сайдаар томливол энэхүү томилгоог бүх талаас нь эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдэж байна. Жагсаалд оролцогч дэмжигчдийн гарыг үсэгтэй албан бичгийг хүргүүлж байна” гэж ярилаа.

Дашрамд, Н.Анхбаярын тухайд 2004 онд төрөөс санхүүждэг Боловсролын Зээлийн Сангийн дэмжлэгтэйгээр Шинэ Зеландад сурч байсан нэгэн юм. Иргэдийн зүгээс түүнийг Австралид суух элчин сайдаар томилогдвол дараагийн тэмцлээ өрнүүлнэ гэдгийг онцоллоо.