ӨНӨӨДӨР БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ: 2019.06.12


Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Киргиз улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Төрийн тэргүүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев болон тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийнэ.

Австралид суух Элчин сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг томилохыг Засгийн газрын хурлаар дэмжсэн билээ. Энэ асуудлыг эсэргүүцэж иргэд тус улсын элчин сайдын яамны гадаа жагсч, эсэргүүцлээ илэрхийлэв. 

Жагсаалд оролцогчдын зүгээс “Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг өөрийн хүү Н.Анхбаяртай нийлж уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж байсан нь нотлогдсон. Ингэж эцэг хүү хоёр авлигач Монголын төрийг самарч байна. Үүнээс гадна Ц.Нямдорж сайд өөрийн хүүг Австралийн холбооны улсад элчин сайдаар томилуулах шийдвэр гаргуулсан.  Иймд авилгажсан төрийн эсрэг тэмцэж энэхүү өргөх бичгийг барихаар ирсэн. Австралид суух Элчин сайдад Н.Анхбаярыг томилох асуудалд тус улсын элчин сайдын яам анхааралдаа авах биз ээ” хэмээлээ.

Н.АНХБАЯРЫН ТОМИЛГООГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Жагсаалын үеэр иргэн Н.Гантөр “Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд танаа 2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр өргөх бичиг хүргүүлж байна. Таны багахан цагийг зээлдэж, нэгэн асуудал хөндөж байгаад хүлцэл өчье. Эрхэмсэг ноён элчин сайд та Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Монголын ардчилалд учирч буй аюул занал, Монголын ард түмний тэмцлийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон биз ээ. Мөн түүнчлэн өнөөгийн эрх баригчид болон Гадаад харилцааны яамны удирдлагын зүгээс олон нийтийн хэвлэлд өгсөн албан ёсны мэдээллээс үзвэл танай улсад Монгол улсыг төлөөлөх Онц бөгөөд бүрэн эрхт сайдаар Н.Анхбаярыг томилсон нь тодорхой байна. Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эцэг Ц.Нямдоржийн оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Энэ тухай Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дипломат эрх, ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн ноцтой гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёс зүйн хохирлын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтны нэг нь Н.Анхбаяр мөн билээ. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж АН-ын гишүүд бид Н.Анхбаярыг Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйн эрх хэмээн үзэж энэхүү бичгийг таны сонорт хүргэлээ. Ардчилал хүний эрх, хууль дээдлэх ёс хүндэтгэн авлигал хээл хахуулийн эсрэг дэлхий дахины манлайлагч орны хувьд Австрали улс бидний тавьж буй шаардлагад анхааралтай хандана уу гэдгээ илэрхийлж байна. Өнөөгийн эрх баригчид парламент дэх олонхдоо тулгуурлан Н.Анхбаярыг элчин сайдаар томливол энэхүү томилгоог бүх талаас нь эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдэж байна. Жагсаалд оролцогч дэмжигчдийн гарыг үсэгтэй албан бичгийг хүргүүлж байна” гэж ярилаа.

Дашрамд, Н.Анхбаярын тухайд 2004 онд төрөөс санхүүждэг Боловсролын Зээлийн Сангийн дэмжлэгтэйгээр Шинэ Зеландад сурч байсан нэгэн юм. Иргэдийн зүгээс түүнийг Австралид суух элчин сайдаар томилогдвол дараагийн тэмцлээ өрнүүлнэ гэдгийг онцоллоо.

Оросын эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Голуновыг хууль бус мансууруулах бодис худалдахыг завдсан хэрэгт буруутган Москва хотноо баривчилсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл түүнд тулгасан хэргийг нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар өчигдөр /2019.06.11/ хэрэгсэхгүй болгож, гэрийн хорионоос сулласан байна.

Тус улсын хэвлэл мэдээллийнхэн Голуновыг хийсэн ажлаас нь болж, өс хонзонгийн сэдэлтэйгээр хорьж саатуулсан гэж үзэн, түүнийг даруй суллахыг шаардаж байсан ба суллагдах үеэр Москвагийн мөрдөн байцаах газрын үүдэнд түүнийг дэмжигчид олноороо цугларсан байв.

Голуновын хэргийг нотлох баримт хангалтгүй байхад хүчээр хорьж, хэрэг тулгах гэсэн хэмээн түүний хэрэг дээр ажиллаж байсан цагдаа нарыг албан тушаалаас нь буулган, өөрсдийг нь шалгаж эхэлжээ. ОХУ бол хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд доогуур бичигддэг улс юм.

Сэтгүүлч Голуновыг баривчлах үеэр цагдаа нар түүнийг гэмтээж эмнэлгийн тусламж авахад хүргэсэн төдийгүй 24 цагийн турш нойр хоолгүй байцаасан гэнэ. Мөн тэрбээр Латвид төвтэй Медуза агентлагийн сэтгүүлч бөгөөд түүнийг баривчлахаас өмнө удаа дараа заналхийлж байсан хэмээн өмгөөлөгч мэдээлжээ. Голуновыг баривчлахдаа цагдаа нар өөрсдөө гэрт нь нууцаар хар тамхи байрлуулсан байж болзошгүй байгаа талаар өмгөөлөгч нь мэдэгдэж байсан юм.

Токио-2020 олимпын бамбарыг танилцууллаа

Ирэх онд Токио хотод болох олимпын наадмын бамбарыг танилцуулах ёслол боллоо. Олимп, паралимпын наадмын бамбар нь япончуудын бахархал, гоёл болсон сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар тургих маягаар бүтээгджээ.

Фукушима мужийн J-Village хөлбөмбөгийн стадионоос эхлэх олимп, паралимпын наадмын галт бамбарын буухиа  2020 оны гуравдугаар сарын 26-нд цунами, цөмийн станцын тэсрэлт болсон газраас эхлэн Япон улсын 47 муж, 857 хот, тосгодоор дайран нийт 121 өдөр аялах аж.

Олимпын бамбарыг нэг хүн 200 метр газар барьж буухиалан гүйх бөгөөд 10 000 гаруй хүн буухианд оролцох юм. Урьдчилан тооцоолсноор 2020 оны зургадугаар сарын 24-нд бамбарыг авсан иргэн Үндэсний стадионд очиж Олимпын наадмын нээлтийг хийн стадионд байрлуулсан том бамбарыг асаалгана.

Токио-2020 олимпын бамбарыг танилцууллаа