УИХ нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргасан дүгнэлтийг хүлээн авахгүй гэсэн УИХ-ын тогтоолын дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хуралдаж, нөхөн сонгууль болох эсэх талаар эцсийн шийд гарах юм. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн.

Нөхөн сонгууль явуулах хугацааг зарлахдаа хуулийн тэгш бус байдал бий болгосон. УИХ-ын дээрх шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн, Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн. Санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой. УИХ Сонгуулийн хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон, нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргасан нь мөн Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийг гишүүд хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.