Алексей Навальный тэргүүтэй 500 гаруй хүнийг саатуулжээ

ОХУ-ын цагдаагийн байгууллага сэтгүүлчийг барьж хорьсонтой холбогдуулан лхагва гаригт Москвад эсэргүүцлийн жагсаал болжээ. Тус жагсаалд оролцсон сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тэргүүтэй 500 гаруй хүнийг саатуулсан байна. Цагдаагийн байгууллагаас 200 гаруй хүнийг саатуулсан хэмээн албан ёсоор мэдээлжээ.

Өдгөө 36 настай, сэтгүүлч Иван Голунов Москва хотын удирдлагатай холбоотой авлигын хэргийг ил болгосон бөгөөд цагдаа нар түүнийг мансууруулах төрлийн бодис хадгалсан хэргээр баривчилсан билээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Москва хотын төвд болсон эсэргүүцлийн жагсаалд нийт 1000 гаруй хүн оролцож, “Орос улс чөлөөтэй байх ёстой”, “Путингүй Орос” зэргээр уриалж, тус улсын өдөр тутмын гурван сонин энэ тухай онцолсон байна.

OVD-info хяналт шинжилгээний бүлгээс мэдээлснээр, ОХУ-ын цагдаагийн байгууллагаас нийт 513 хүнийг баривчилсны дотор нэртэй сэтгүүлчид, идэвхтнүүд байжээ.

ОХУ-ын хуулиар нэгээс олон хүнийг хамарсан жагсаал цуглаан хийхдээ эрх бүхий байгууллагатай цаг хугацаа, газраа урьдчилан тохиролцох шаардлагатай аж. Жагсагчдын мэдээлснээр, хотын удирдлага жагсагчдад зөвшөөрөл олгоогүй байна.

“Ройтерс” агентлагт нэгэн гэрч мэдээлэхдээ, баривчлах хүмүүсийн нэрийн жагсаалтад нэр нь байсан Алексей Навальныг гурван цагдаа цагдаагийн машиндаа суулгасан гэжээ. Навальный твиттер хуудастаа лхагва гаригийн орой цагдаа нар түүнийг дээрх жагсаалыг зохион байгуулсан хэмээн буруутгасан талаар жиргэсэн байна.

Жагсагч, 28 настай Иван хэлэхдээ “Голуновыг сулласан нь ялалт биш. Энэ нь эрх баригчдын өнөөдөр эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн тактикийн алхам байлаа” гэжээ.

“Медуза” сэтгүүлийн сэтгүүлч Иван Голунов Москвагийн захирагчийн орлогч Петр Бирюковын нууц хөрөнгийн талаарх мэдээллийг ил болгосон билээ. Түүнийг байцаахдаа Оросын цагдаа нар хүч хэрэглэн зодсон бөгөөд эмнэлэгт хүргэсэн тухай ч мэдээлэл бий юм.

Оросын Дотоод хэргийн яамнаас анх дэлгэсэн Иван Голуновыг баривчилж буй видео бичлэгийн есний нэг нь хожмын монтаж байснаа ч хүлээн зөвшөөрсөн аж. Үүнээс гадна цагдаа нар Иван Голуновын гэрт эхлээд мефедрон гэх бодис илрүүлсэн хэмээн мэдэгдсэн ч сүүлдээ таван грамм кокаин олсон болж хувирчээ.

Эх сурвалж: THE REUTERS