Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 57,1%-иар өсжээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний таван сард 15.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2,180 (12.1%)-аар буурсан гэдгийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн танилцуулгаар онцолж байна.

Тодруулбал, нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2,098 (17.9%)
  • Хулгайлах гэмт хэрэг 2,813 (38.8%)
  • Дээрэмдэх гэмт хэрэг 424 (48.3%)
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 565 (13.4%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний таван сард 76.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 16.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 6.8 (8.2%) тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 3.7 (29.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Зураг 1. Гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан, гэмтсэн хүн, сараар

 эх сурвалж: ҮСХ

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний таван сард 1,513 болж, өмнөх оны мөн үеэс 313 (26.1%)-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1,220 болж, 55 (4.7%)-аар, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 805 болж, 21 (2.7%)-ээр өсөж, хүүхэд оролцсон хэрэг 308 болж, 36 (10.5%)-гаар буурсан аж.

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний таван сард 209 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 76 (57.1%)-гаар өссөн байна.

Түүнчлэн 45.5 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 9.9 (27.7%) мянгаар, баривчлагдсан хүн 1.1 (25.6%) мянгаар өссөн үзүүлэлттэй байна. 

Эх сурвалж: ҮСХ