Г.Тэмүүлэн: Хугацаа алдалгүй Оюу толгойтой холбоотой шийдвэр гаргаж Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй


УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлбэл 45 хоногийн хугацаанд өөр асуудал боломжгүй болно.

Хаврын чуулганаар хэлэлцэхгүй хоцрох асуудлуудын нэг нь Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлт болж үлдэж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ярьж байна.

Тэрбээр “Үндсэн хууль хэлэлцэж эхэлж байгаатай холбоотойгоор доод тал нь 45 хоногийн хугацаанд өөр асуудал хэлэлцэхгүй байх хууль, журамтай. Тэгэхээр зөвхөн Оюутолгой гэлтгүй бусад асуудлууд ч мөн адил намрын чуулган хүртэл хойшилно.

Төслийн үйл ажиллагааны явцтай танилцаад ажлын хэсгийн зүгээс Оюу толгойн 2019 оны гэрээний хэрэгжилт дээр тодорхой бус асуудал байна, хоёрдугаарт 2015 онд байгуулсан Дубайн гэрээтэй холбоотой өөрчлөх асуудлыг хөндөх ёстой гэсэн дүгнэлтийг хийсэн. Ингэхдээ Монголын талын эрх ашиг, төслөөс хүртэх үр өгөөж хөндөгдсөн байна гэдэг шалтгаан гаргаж ирсэн. Зарчмын хувьд сүүлд байгуулсан гэрээнд тавигдах заавар, зөвлөмж, чиглэлийг ажлын хэсгээс гаргаж өгсөн. Энэ дагуу УИХ-аас тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах ёстой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Оюу толгойн төслийн хэрэгжилттэй холбогдуулж Засгийн газарт тодорхой чиглэлийг өгсөн. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, төсөлд хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэх, суурь эдийн засгийн үр өгөөжийг хөндөж ярих чиглэлийг өгсөн. Тогтоол шийдвэр УИХ-аас гарна.

Ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажилласан дүгнэлт шийдвэр өнгөрсөн оны 12 сард гарсан. Хэлэлцэхгүй явсаар байсан. Зарим гишүүн өнгөрсөн хавраас эхлэн удаа дараа тавьж байж ажлын хэсгийн 40 гаруй төрийн албан хаагч, арваад яам тамгын газар, төрийн захиргааны байгууллагын оролцсон төлөөллийн дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тавдугаар сард танилцуулсан. Эхний бодит үр дүн гарсан. Монгол төрийн түүхэнд анх удаа 10 жилийн өмнө гаднын хөрөнгө оруулагчтай хийсэн төсөлд үнэлэлт дүгнэлт өгсөн нь амжилт боллоо гэж бодож байна. Харин одоо алдааг засах чиглэл шийдвэрийг УИХ-аас Засгийн газарт өгснөөр Засгийн газар нөгөө талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, нэгэнт 50-60 жил хэрэгжүүлэх төсөл бол харилцан хүндэтгэлтэй, ойлголцож, ашигтай байдлаар асуудлыг шийдэх ёстой.

Дүгнэлт бол Монголын тал төслийн үр өгөөжийг ашигт суурилснаар тооцож байсан бол хөрөнгө оруулагч тал суурь зарчмаас өөрчилж зардалд суурилсан үр өгөөжийн хувилбарыг бий болгосон байна гэж үзсэн учраас өдөр хоног алдахгүй байх хэрэгтэй. Хугацаа алдалгүй УИХ эсвэл байнгын хороогоор тогтоол шийдвэрээ гаргаж Засгийн газарт хугацаатай үүрэг өгөх хэрэгтэй” гэсэн юм.