Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.


Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн саналыг аваагүй, хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, шаардлагыг хангаагүй, Үндсэн хуулийг энгийн хууль хэлэлцэхээс өөр гэж заачихаад тэрийгээ мөрдөхгүй, энгийн хуульд хавчигдан олонхоороо түрж батлах гэж байна гэж харж байна. Энгийн хуулиар бол үг хэлэх минут 5 байдаг бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд 8-10 минутаар үг хэлдэг. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийн өмнө хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдгийг хэлсээр байгаа. Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталсан ч хэрэгжиж эхлээгүй байна. Гэтэл бид хуучин хуулийнхаа дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийг маш онцлогтой хэлэлцдэг. Үүнийг хууль журмынх нь дагуу хэлэлцэж, улс төрийн намуудын саналыг аваач гэж шаардаж байна. АН хуулийн дагуу завсарлага авах, нэгдсэн дүгнэлт хийх боломжоо хаалгасан байгаа. Бид ганцхан шаардлага тавьж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг хуулийн дагуу явуулахгүй бол АН-ын зөвлөл чуулганыг орхин гарахаас өөр аргагүй. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Хоёр зүйлийг бид зайлшгүй нягталж шалгах ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуульд зааснаар өөрчлөлт оруулах нь зөвхөн хууль байна гэсэн. Хууль зөрчиж Үндсэн хууль баталсан болох вий гэсэн болгоомжлол байна. Ерөнхийлөгчөөс санал авах зэрэг процедурын алдаа гаргаад байвал хууль руугаа орж чадахгүй процессийн маргаан ярьсаар үндсэн зүйлээ хэлэлцэж чадахгүй болох вий гэсэн болгоомжлол байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийг баталсан. Энэ дагуу Ерөнхийлөгч, Засгийн газраас санал авсан байх зэрэг шаардлага тавьсан байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг Ерөнхийлөгч, Засгийн газар, ШЕЗ, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн. Зарим нь санал ирүүлсэн, зарим нь ирүүлээгүй. Ирүүлээгүй 30 хоносон тохиолдолд саналгүй гэж үзнэ гэсний дагуу явж байгаа тул хууль зөрчөөгүй. Харин хоёр, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн дагуу явуулбал хуулийн зөрчил гарахгүй. 

УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор үг хэлж дууслаа. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 57 буюу түүнээс дээш гишүүдийн ирцтэйгээр хэлэлцэх ёстой. 11.28 цагийн байдлаар УИХ-ын гишүүдийн 60 нь буюу 80 хувь нь ирцээ бүртгүүлээд байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хийж байна. Тэрбээр УИХ-ын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 330 шахам мянган иргэнээс нийтдээ 5 580 гаруй мянган нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнгийн танилцуулгыг боловсруулан, нийтэд мэдээлж, УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулсан байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал одоо хүртэл иргэдээс ирсээр байгааг хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээс урьтаад Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна. АН, МАН хоорондоо зөвшилцөж чадахгүй байна. Төрийн тэргүүний байр суурь ойлгомжгүй байгаа тул байр суурийг УИХ-аар оруулах нь зүйтэй. Хуулийн зөрчилтэй байгаа учраас энэ тал дээр анхаарах ёстой. Шинэ дэгээр явах шаардлагатай. Шинэ дэгээр явуулахгүй бол ярих хугацаа багасаад байна. Дагаж мөрдөхгүй бол яах гэж баталсан юм бэ. Эрх баригчид сөрөг хүчнээсээ санал авахгүй байна. Ерөнхийлөгч нь ШХАБ-аас ирэхийг хүлээ л дээ. Бүс нутгийн уулзалтад явсан хойгуур нь нэг удаа 6 жилийн хугацаатай сонгоно гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж болохгүй биздээ. Хууль зөрчилтэй байвал Үндсэн хуулийн цэцэд өг. Үзэмжээрээ зөв, буруу гэж болохгүй. Сөрөг хүчний байр суурийг сонс л доо. Ард түмний төлөөлөл шүү дээ. Би АН-д элсээгүй, сөрөг хүчний байр суурийг нэгтгэх гэж хамтарч байгаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2017 онд хуучин, 2018 онд одоогийн ерөнхийлөгчөөс санал авсан. УИХ-ын гишүүд, улс төрийн намуудад хоёр удаа санал авахаар хүргүүлсэн. Тавигдах шаардлагыг хангасан. 330 мянган иргэнтэй биечлэн уулзаж, 5.5 сая саналыг хүлээн авсан. Тиймээс санал авах бүх боломжийг хуулийн хүрээнд авсан. Цаашид ч нээлттэй. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хууль өөрчлөх асуудал бол хүн бүрийн анхаарал татсан асуудал. Гуя дагаж хүзүү гэх маягаар хандаж болохгүй. Нам сонгодог болвол намын нэр шидээд л ард нь насаараа суудаг хэдэн хүн байх нь.

Сая нэг хонгил яриад байсан. Одоо хэзээ ч нурдаггүй ган төмөр хонгил бий болгох гээд байгаа юм шиг харагдаж байна. Намууд худлаа юм шиг мэдэгдэл хийчихээд цаанаа дуртай л байгаа байхгүй юу. Мэдэгдэл шиг юм хийчихээд гараад явсан байна, хар л даа. Супер Засгийн газартай болно гээд байх юм. Одоо байгааг муу байна гэж хэлэхгүй. Наанаа сүржин цаанаа юу ч хийж чадахгүй болчих вий.

Үнэн чанартаа асуудал Үндсэн хуулинд биш бидний ёс суртахуунд байгаа юм. Өнөөдөр ямар төртэй байгаа билээ, үүнийг хэн бүтээсэн юм. Өнөөдөр дахиад дордуулах гэж байна. Долоо дордсон бол дал дордоно шүү. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Монгол Улс түүхэндээ томоохон өөрчлөлт хийх гэж байна. Дэлхийн улс орнууд хөгжлөө урагшлуулах зорилгоор Үндсэн хуулиа өөрчилдөг туршлага бий.  Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын баталгаа болох ёстой. 

Одоо өргөн барьж байгаа өөрчлөлтөл сэтгэл дундуур байгаагаа олон гишүүн хэлж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт үү, шинэчилсэн найруулга уу гэдэг дээрээ эхлээд ойлголцох хэрэгтэй байна. Цаг үе өөрчлөгдөж, нийгмийн өөрчлөлт хурдацтай байгаа энэ үед гишүүн бүр нэгдсэн ойлголттой, хариуцлагатай байгаасай гэдэг үгийг хамт олондоо хэлмээр байна.