Шүүхийн шинэчлэлээс Үндсэн хуулийн цэц орхигдох ёсгүй



Шүүхийн шинэчлэл эрчээ авч байна, цэвэрлэгээ хийж эхэлсэн энэ тэр гэж яриад эхэллээ. Шүүгчдийн эрхийг хомроглон түдгэлзүүлсэн нь зөв буруу эсэхийг өнөөхөндөө хэлэхэд эрт байна. Бичих өнцөг маань биш учраас ингэсгээд орхиё. Шүүхийн шинэчлэлээс орхигдож болохгүй нэг том асуудал бол Үндсэн хуулийн цэц.

Монгол улс ардчилсан засаглалыг сонгосон 27 жилийн өмнөөс Үндсэн хуулийн шүүх гэж тусдаа байгууллага байгуулсан нь Үндсэн хуулийн цэц. Харамсалтай нь Цэц өнгөрсөн хугацаанд карьер нь дууссан улстөрчдийн хоргодох таатай орчин болсоор ирсэн нь хэнд ч ил үнэн. Цэцийн гишүүний суудлаас 25 жил ховхроогүй улстөрч байгаа нь үүний тод жишээ. Наашлуулж яривал 18 жил тасралтгүй цэцийн гишүүнээр ажиллалаа гэсэн намтартай эрхэм ч бий.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх зөөлөн суудалд тухлахын тулд эрх баригчдад тал зассан шийдвэр гаргадаг гэж хуульчид төдийгөөс өдий хүртэл шүүмжилсээр ирсэн. Үнэн л дээ. Эрх мэдэлтнүүд, улстөрийн намын томчууд Цэцэд өөрийн хүнтэй байхаар улайрдаг нь цаанаа ийм учиртай. Үндсэн хуулийн цэц улстөрийн байгууллага болсныг батлах ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн хугацаанд 36 хүн цэцийн гишүүнээр томилогдсоны дийлэнх нь улстөрчид. Уг нь улстөрчид биш мэргэшсэн хуульч шүүгчид эцэг хуулийн манаанд зогсох ёстой. Цэцийн гишүүд ташраараа улстөрчид болсон учраас ҮХЦ эцэг хуулийн манаач биш, өргөдөл гомдол барагдуулах товчоо төдий болчихсон нь гашуун ч гэлээ үнэн.

МУИС-ийн хууль зүйн сургуулийн доктор О.Мөнхсайхан саявтар “Улстөрчдөөр дүүрсэн учраас Цэцийн шийдвэр чанаргүй, үндэслэлгүй гардаг. Хууль зүйн шинжлэх ухааны хувьд зөвтгөх ямар ч боломжгүй шийдвэр гарсан жишээ олон бий. Үүнийг зогсоох зорилгоор хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүнийг цэцийн гишүүнээр сонгоно гэсэн заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгалаа” гэж ярьсныг энд онцолъё. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаануудын нэг нь суурь хуулиа манаж чаддаггүй улстөржсөн цэцтэй холбоотой. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ид дундаа яваа энэ үед эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг цэцийн булхай, но-той шийдвэрүүдийн тухай сөхөж ярих хүн олон байна.

Үндсэн хуулийн цэцэд шигдэж, улстөрчдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг хүмүүсийн нэг тод жишээ нь ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр. Мань эр өөрөө улстөрч. МАН-аас дэвшиж УИХ-д сонгогдож, Хууль зүйн сайдаар ажиллаж явсан намтартай. Ёстой нөгөө карьерийнхаа төгсгөлд, намаасаа шагнал болгож авсан алба нь Цэцийн гишүүний суудал. Сүүлдээ өнөө алба нь нам, бүлэглэлийн даалгаврыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй болоод хувирчихсан. Д.Одбаярыг М.Энхболдын хүн гэдэг. М.Энхболд нь 60 тэрбумын дуулианы эзэн. Ингээд харахаар Үндсэн хуулийн цэцийн дарга нь төрийн албыг наймаа болгож хувиргасан бүлэглэлийн даалгавраар ажилладаг гэж хардаж болохоор. Цэцэд шинэчлэл хийхээс өөр гарц байхгүйг баталсан иймэрхүү жишээ өчнөөнөөрөө бий.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ард түмний 95 хувь нь шударга ёс алга болжээ гэж үзэж байна” гэж их л санаа зовнингуй мэдэгдэж харагдсан. Тэгвэл тэр шударга ёсны 90 хувь нь Үндсэн хуулийн цэц, бүр тодруулж хэлбэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас хамаараад байна даа. Бүх хуулийн суурь хуулийг манаж байх учиртай байгууллага нь улстөрөөс ийм тод хамааралтай байхад шударга ёс яаж тогтохов дээ.