Гал унтраах тусгай зориулалтын шинэ автомашинтай боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл” хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд нийлүүлж байгаа гал унтраах тусгай зориулалтын автомашины жолооч нарын сургалт, дадлагыг энэ сарын 06-07-нд зохион байгууллаа. 

Сургалтад  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 60 алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтыг Польш улсын сургагч багш нар удирдан явуулсан юм. 

Төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг маргааш буюу 07 дугаар сарын 09-нд хүлээн авч, НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хуваарилах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.