Эмээтэйгээ амарч явсан зургаан настай охин нүхэн жорлонд унаж амиа алджээ


Өнгөрсөн амралтын өдөр хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

ОБЕГ-т ирсэн мэдээллээр, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газар эмээтэйгээ амарч явсан зургаан настай охин долоодугаар сарын 6-ны 19:40 цагийн орчим тус амралтын газрын тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага долоодугаар сарын 7-ны 10:45 цагт хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын болон цагдаагийн байгууллага, ар гэрийнхэн, иргэд нийлсэн 54 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр хайж эхэлсэн байна.

Эрлийн баг тухайн өдрийн 18:05 цагт тус амралтын газраас баруун урд зүгт 60 метрийн зайтай нүхэн жорлонгоос охины цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мөн “Туул” голын усанд цогцос байна гэсэн дуудлагын дагуу очиход 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр “Эрх саран” сувиллаас гараад сураггүй алга болсон Увс аймгийн харьяат 68 настай, эрэгтэй Б-ийн цогцос болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байх, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх, амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар