Болдын Буман-Учрал Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнагдлаа

Б.Буман-Учрал Гавьяат тамирчин боллоо

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн цол, одон медалийг өнөөдөр /2019.07.08/ гардууллаа.

Монголын хөлбөмбөгийн холбооны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монголын хөлбөмбөгчдөөс шинэ гавьяат, алдар цолтнууд төрлөө.

2001 онд Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн хамтаар ДАШТ-ий анхны оноог авчирсан гоолыг Бангладешийн хаалганд оруулсан Болдын Буман-Учрал Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнагдлаа.

Мөн МХБХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор, ДАШТ-ий тоглолтуудад амжилттай тоглож, залуу үеийн үлгэр дууриал болсон Б.Гарьдмагнай Хөдөлмөрийн Хүндэт медалиар тус тус шагнагдсан байна.

Энэ жил 34 настай Б.Гарьдмагнай өнгөрөгч сард Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, “Катар 2022” ДАШТ болон 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд орох эрхийн төлөөх тоглолтод оролцсон билээ. Бруэйн шигшээ багийг 2:1-ээр ялалт байгуулсан Монголын багт хүчин зүтгэсэн Б.Гарьдмагнай тэмцээний дараа зодог тайлсан юм.

Шигшээ багийн төлөө 37 удаа тоглож, 2006, 2010, 2014, 2018, 2022 оны ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулалтад оролцож, хоёр гоол хийсэн түүний хувьд залуу үеийн үлгэр дууриал болсон тамирчин билээ. Б.Гарьдмагнай өдгөө “Дэрэн” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байна.