Барины өмнө морьтойгоо унасан ч айргийн тавд хурдалсан хүү

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд шандас сорьсон хурдан хүлгүүдээс түрүү магнайд хурдалж явсан ч барианд орох мөчид хадуурч айргийн гуравт хурдалсан хурдан буян, түүнийг унаж хурдлуулсан хүүгийн тухай яриа энэ наадмын "чимэг" байлаа. 

Шүдлэн насны морьд барианд дөхөн ирэх үед бусдаасаа хол тасархай түрүүлж явсан зээрд халзан үрээ баруун тийш хадуурч бүдрэн унасан юм. Гэвч унаач хүү авхаалж самбаа гарган үрээгээ тавьж алдалгүй цагдаагийн алба хаагчийн тусламжтайгаар эргэн мориндоо мордон гүйцэгдсэн морьдыг дайран айргийн гурваар хурдалсан билээ.

Унаач хүүг Ц.Баярбат гэдэг. Тэрбээр 13 настай. Харин түрүүлж явсан ч хадуурч айргийн гуравт хурдалсан хурдан буян бол Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ юм. 

Хүүг мориноосоо унах үед үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицер Н.Батнасан уралдааны үеэр гүйн очиж, моринд нь мордуулсан байна. Тэрбээр "Шүдлэн насны уралдааны үеэр түрүүлж давхиж байсан зээрд халзан үрээ хүүхэдтэйгээ бүдэрч унасан. Тэгэхээр нь гүйж очоод биеийг нь асуусан чинь бэртэл гэмтэл аваагүй байсан. Надтай хамт ДХИС-ийн сонсогч Бат-Эрдэнэ очсон. Хүүхэд “Би зүгээрээ ахаа намайг морин дээр мордуулаач өгөөч” гэж гуйсан. Морийг нь босгоод, хүүхдийг нь мордуулаад уралдааны замд оруулсан. Харин сүүлд  миний мордуулсан зээрд халзан үрээ айргийн гуравт орсон байна лээ. Хүүхэд, уяачтай дахин уулзаагүй. Айрагдсанд маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.