Д.Трамп онц ноцтой гэмт хэрэгтнийг цаазаар авахыг санал болгожээ


Өнгөрсөн амралтын өдөр АНУ-д хоёр халдлага үйлдэгдэж, 29 хүн амиа алдсан юм. 
Бямба гаригт винтовоор зэвсэглэсэн этгээд Техас мужийн Эль-Пасо дахь Walmart дэлгүүрт гал нээсний улмаас 20 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан байна. Энэ аймшигт хэргийг үйлдсэн 21 настай эр цагдаагийнханд бууж өгчээ. Үүнээс өмнө Охайо мужийн Дейтон хотод гэмт этгээд 9 хүнийг хороож, 27 хүнийг гэмтээжээ. Халдлага үйлдсэн 24 настай Коннор Бетс гэгчийг цагдаагийнхан буудсан юм.

Сүүлийн үед Охайо болон Техаст гарсан халдлага олон нийтийн цочроож, олон хүн амь насаа алдлаа. Энэ хэргийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид үл тэвчих гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэгдсэн үндэсний хууль тогтоомжийг чангатгаж, энэ төрлийн онц гэмт хэрэгт цаазын ял оноох болно хэмээн мэдэгджээ.


Түүнчлэн Бүгд Найрамдах Намыг төлөөлдөг Трамп АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын олонх болох ардчилсан намынханд хандан улс орон дахь галт зэвсгийн гүйлгээнд тавих хяналтыг чангатгаж, энгийн иргэдийг үй олноор нь хөнөөх явдалд цэг тавихад шаардлагатай бусад арга хэмжээ боловсруулахыг уриалжээ.


“Бид хоёр намын шийдлийг олохын тулд хичээх ёстой. Үүнийг хоёр намын үндсэн дээр хийх ёстой. Энэ нь Америкийг илүү аюулгүй болгоно” хэмээн Трамп онцолжээ.


Түүнчлэн Холбооны мөрдөх товчоо АНУ дахь нуугдмал экстремистүүдийг илрүүлэх ажлыг идэвхижүүлэхийн дээр интернэтэд онцгой анхаарал хандуулна гэж Трамп нэмж өгүүлсэн байна.


Тэрбээр интернэтийн сүүдэртэй талуудыг олж, олныг хөнөөсөн гэмт хэрэг гарахаас нь өмнө зогсоох хэрэгтэй гэж онцолжээ.


Трампын өгүүлснээр интернэтийг “хүний наймаа, хар тамхи хууль бусаар дэлгэрүүлэх болон бусад аймшигт гэмт хэргүүдийг үйлдэхэд” ашиглаж байгаа гэнэ.


“Интенэт болон олон нийтийн сүлжээний аюулыг үл хэрэгсч болохгүй” хэмээн Трамп анхааруулжээ.