“ДУУРЛИГ НАРСНЫ ХҮННҮГИЙН ДУРСГАЛ” үзэсгэлэн нээлтээ хийлээ


Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей болон Солонгосын Үндэсний Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Соёлын төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Засаг дарга О.Лхагвадорж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн дарга Ж.Боломж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, Монголын Үндэсний Музейн захирал, доктор Д.Сүхбаатар, Солонгосын Үндэсний музейн захирал Пэг И-Дун, Солонгосын Үндэсний музейн Археологийн хэлтэсийн дарга Хун Жин Ген нар оролцлоо. 
Тус үзэсгэлэнд доктор, дэд профессор Г.Эрэгзэн удирдагчтай Мон-Сол төслийн 2006-2011 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарсны Хүннүгийн булшны малтлага судалгааны үр дүнд илэрч олдсон 40 дэсийн 140 орчим үзмэрийг нутгийн ард иргэдэд толилуулж байна.
Эдгээрийн дотор Хүннүгийн оршуулгын зан үйлийг харуулах нимгэн алтаар ханан хээ гарган, цэцгэн чимгээр чимэглэсэн модон авсны хана, авсны хүрэл бариул, нас барсан хүний сүнсийг хамгаалах зорилгоор дагадуулсан гоёмсог хаш эдлэлүүд, модон бунханы дээр тавьсан ёслолын шүхэрт тэрэгний шүхэрийн үзүүрийн хүрэл чимэг, тэрэгний булны таг болон ширмэн цөн, амгай, зуузай, дээсэн хазаар, хазаарын алт шармал хүрэл духавч, товруу, үзүүрийн чимэг, хүрэл хонх зэрэг адууны тоног хэрэглэл багтсан болно. Хүннү дайчдын зэр зэвсгийн зүйлээс төрөл бүрийн хэлбэртэй төмөр зэв, илд, хутганаас гадна төдийлөн түгээмэл олддоггүй нэгэн зүйл олдвор болох байлдааны зээтүүний үзүүрийн тоногийг үзэсгэлэндээ дэлгэн үзүүлж байна.

image


Төмөр тогоо, алт шармал хүрэл сав, шавар сав суулга, билүү чулуу, чийдсэн аяганы бариул болон хүрэл, ширэм, шавар зэрэг төрөл бүрийн эдээр хийсэн дэнгийн цөгцөөр төлөөлүүлэн ахуйн зориулалттай эд хэрэглэлийг харуулсан. Эрт үеэс эхлэн нүүдэлчид өөхөн дэн барьж байсныг баримтаар нотлосон чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн дэнгийн цөгцний нэгэнд хадгалагдан үлдсэн байсныг үзэгчдэд толилуулж байгаа нь сонирхол татах үзмэрийн тоонд зүй ёсоор багтах болов уу. 
Хүннүчүүдийн хувцас, гутлын хадлага чимэг, хув тээг, бүсний арал, эврээр хийсэн үсний хатгуур, модон сам, болор, хув, мана, оюу, өнгөт болон алт гүйлгэсэн шилээр урласан төрөл бүрийн сувс, уран нарийн хийцтэй шувуу, үрлэн чимэгтэй алт хэлхэсэн сондор зэрэг нандин гоёл чимэглэл Бидний үзэсгэлэнд багтсан болно.
“Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгал” үзэсгэлэнгээр дамжуулан төрсөн нутгийнхаа түүх соёлын өвийг нүдээр үзэж, сэтгэлийн таашаал авна хэмээн найдаж байна.