Допинг илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлах боломжгүй гэв


Оолны анхаарлыг допинг хэн хэрэглэв гэх мэдээлэл татаад байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр /2019.08.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МҮБХ-ноос гаргасан тогтоолоор дараах тохиолдолд бөхчүүдэд сэргээшийн шинжилгээ хийхээр журамласан байдаг.

  1. Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөх
  2. Бөхчүүд болон үзэгчдээс нэр заан, шинжилгээнд оруулахыг санал болгосон бөх
  3. Шинжилгээ хийлгэх хүсэлт өөрөө гаргасан бөх
  4. Мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөх
  5. Сугалаагаар сонгосон бөх
  6. Улсын баяр наадамд тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүд

Нийт 16 бөх шинжилгээнд хамрагдсанаас 14 бөх нь хориотой бодис хэрэглээгүй болох нь тогтоогдсон бол хоёр бөхөөс сэргээшийн төрөлд хамаардаг, хэрэглэхийг хориглосон таван төрлийн бодис илэрсэн аж. Улмаар үндэсний бөхийн салбар хорооноос сэргээш илрээгүй 14 бөхтэй утсаар холбогдож мэдэгдэл хүргүүлсэн аж. Харин сэргээш илэрсэн хоёр бөхтэй холбогдож чадаагүй тул албан бичиг хүргүүлж шинжилгээний хариутай танилцуулжээ.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн "Сэргээш илэрсэн тухай албан бичгийг танилцуулснаас хойш 10 хоногийн хугацаанд В сорьцийн шинжилгээнд хамрагдах эсэхээ бөх өөрөө шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар хоёр бөх В сорьцийн шинжилгээ өгөх хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй байна. В сорьцийн хариуг иртэл хувь хүний нууцтай холбоотой учраас ямар ч бөхийн хариуг зарлах боломжгүй" гэв.