Б.Хурцыг дагасан хурц асуудлууд


ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг бусдыг эрүүдэн шүүсэн хэргийг шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсээр байна.

Б.Хурц гэж хэн бэ, ямар асуудалд холбогдсон, яагаад түүнийг Лондонгийн шүүх шүүх болсныг олон нийт мартсан байх. Тухайн үед Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татаж байсан Б.Хурцын талаар 2011 онд бичиж байсан нийтлэлээ дахин нийтэлж байна.

Б.ХУРЦЫН ТОВЧ НАМТАР

1969 онд Улаанбаатар хотод төрсөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй.

“Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, ТЕГ-ын хэлтсийн дарга, газрын дарга, "МИАТ" ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

2014 оны 11-р сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 1-н ТЕГ-ын даргаар томилогдон ажилласан.

Б.Хурцыг дагасан хурц асуудлууд

Таван хоногийн дараа Лондонгийн шүүх Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын

зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын хэргийг шүүн хэлэлцэх гэж байна. Удаа дараа хойшилсон шүүх хурал энэ удаа эцсийн шийдвэрээ гаргах бололтой. Учир нь өмнөх шүүх хурлын үед Б.Хурц ямар үндэслэлээр эрүүгийн хэрэгт өөрийг нь татсан талаар тодорхой мэдээлэлгүйгээс гадна албан ёсны өмгөөлөгчгүй байсан нь шүүх хурал хойшлоход хүргэж байжээ.

Харин одоо Б.Хурц ямар хэрэгт сэжигтнээр татагдсанаа сайн мэдэж байгаагаас гадна өмгөөлөлийн хөлсийг нь Монголын тал гаргахаар болсон.

image

Гадаад хэргийн яамны албаны хүмүүс өчигдөр хуралдан хэн шүүх хуралд оролцох, хэдэн төгрөг хаанаас гаргах асуудлаа эцэслэн ярилцсан аж. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад “Өмгөөлөлийн зардлыг Лондонд суугаа ЭСЯ-наас эс бөгөөс Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад туслах сангаас гаргана. Монголын талаас нэг хүн шүүх хуралд оролцуулъя гэж шийдсэн. Чухам хэн бэ гэдгийг товлоогүй байна. Шүүх хурал болтол хугацаа байна. Английн өмгөөлөгч Макдональдс Б.Хурцыг өмгөөлнө. Шүүх хурал бидний багцаалж буйгаар цаг орчим болох байх. Цагийн 100 паунт төлөхөөр тохиролцсон. Энэ нь 150 мянган төгрөг” гэв.

Монгол Улсын тагнуулын ажилтнуудын үйлдэл дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болжээ. Б.Хурцыг саатуулсан даруйд нь суллахыг хүссэн албан тоот илгээгээд ч тусыг эс олсон. Хүн хууль бусаар хулгайлсан энэ хэрэг дэлхий нийтэд тараагүй бол Монголдоо яаж дарж болдогийг Дамирангийн Энхбатын амь насаа алдсан хэрэг гэрчилсээр байна. Хүний төрмөл эрх амьд явахыг ноцтой зөрчин, цаг бусаар ертөнцийг орхих нөхцөл бүрдүүлсэн гүйцэтгэх ажилтнаа хав дарж, хариуцлага тооцох нь бүү хэл албан тушаал дэвшүүлээд, долоон жил өнгөрч шүү. .Б.Хурцыг дагаад хурц асуудлууд ар араасаа хөвөрсөөр. Гүйцэтгэх ажилтнаа суллаж авъя гэх нь ч байна. Б.Хурцааар ахлуулсан хүмүүс үүрэг аваад Францыг зорьсон. Тэд аялал жуулчлал, амин хувийн ажлаа амжуулах гэж яваагүй, нууц үүрэгтэй гүйцэтгэх ажилтнууд. Гэсэн атал архидан согтуурч, хүн баривчлах гэж ирснээ тэндхийн монголчуудад зарлаад явах нь хууль зөрчсөн үйлдэл биш үү. Үүнийг Францад амьдардаг олон хүн хэлдэг юм билээ. Д.Энхбат агсныг хэрхэн тарчлаан зовоосон тухай өөрийнх нь ярьсан хуурцагийг эрх мэдэлтэн, жирийн хүмүүст дэлгэснийхээ төлөө өмгөөлөгч Л.Санжаасүрэн улсын нууц задруулсан хэрэгт унаж хэсэг хугацааг торны өнгөрүүлсэн. Мөн олон нийтэд ил болсон УИХ-ын даргын Хятадад хийсэн ажлын айлчлалын мэдээлэл тараасан гэж УИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын ахлах ажилтан Ц.Жаргалсайхан 17 жилийг тортой хашааны цаана өнгөрөөх болоод байна.

Гэтэл жинхэнэ нууц ажиллагаагаа олон нийтэд дэлгэсэн тагнуулынханд ямар хариуцлага тооцсон юм бол. Улсын нууц гэдэг нэрээр ял оноож буй хэргийн учрыг асуухаар учир нь олдохгүй, нэг нь нөгөө зүйл заалтаа үгүйсгэсэн хууль дүрэм яриад ам тагладаг нь гэм биш зан. Өөрсдийгөө илчилж, архидан согтуурсан гүйцэтгэх ажилтнуудын толгойг манайхан илээд өнгөрсөн бол хүний эрхийг хамгийн эрхэмд үздэг улс орон манай иргэдэд халдаагүй гээд орхисонгүй, буруутай үйлдлийг илрүүлэхээр мөрдсөөр байж. Худал мэдээллийн цаана хэнийг, юу нуухыг хичээсэн юм бол Анхаарал хандуулахаас аргагүй баримт миний өмнө байна. Хууль хяналтын байгууллагынхан ямар зүйлийг хууль бус, ямрыг нь хууль ёсны гэж үздэгийг ойлгоход бэрх аж.

image

Д.Энхбат агсан

Бас төрийн нэрийн дор барин тавин худлаа мэдээлэл тухайн үед шидэлцсэн байх юм. Д.Энхбат 1998 онд Эрүүгийн хуулийн 127.2, 224.1, 212, 79 дүгээр зүйлээр 13 жил найман хоногийн ял эдэлж байгаад элэгний үрэвсэл, багтраа өвчний улмаас хугацаанаасаа өмнө суллагдсан байх юм. Хожим нь эмчийн магадалгаа хуурамчаар бүрдүүлснийг цагдаагийнхан тогтоогоод Интерполоор эрэн сурвалжлах бичгээ бүрдүүлж амжаагүй байхад нь Тагнуулынхан С.Зоригийн хэрэгт сэижгтнээр шалгах үндэслэлтэй гэж үзээд баривчлах ажлыг эхлүүлсэн байдаг. Үнэн түүх гэнэ.

Монголын түүхэнд мартагдашгүй гавьяа байгуулсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй гэсэн ард түмний хүсэлт, хүлээлт байсан нь үнэн. Одоо ч тэр хүсэл хэвээр. Гэхдээ ард түмний баатар болох гэж, хэрэг илрүүлсэн нэр зүүхийн төлөө хэн нэгнийг золиослохыг ард түмэн хүсээгүй. Алдаж онож, “аав”-ын хаалгийг хэдэнтээ татсан ч Д.Энхбат амьд явах эрхтэй хүн. Чингэлтэй дүүргийн шүүгч Д.Наранцэцэг, Д.Батсуурь, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй 2004 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр болсон анхан шатны шүүх хурал улсын нууцтай холбоотой гэх үндэслэлээр хаалттай болсон. Энэ шүүх хуралд Д.Энхбат мэдүүлэхдээ “Францын Каен хотын Макдональдс зоогийн газрын үүдэнд 2003 оны тавдугаар сарын 15-ны өглөө ирэхэд хэн нь танигдахгүй хүмүүс зодож, бороохойдон, машинд суулган, Бельгийн ЭСЯ-нд авчирсан. Надад тариа хийсэн учир би юу болсныг мэдээгүй. Нэг ухаа ороход Германд ирсэн байсан. Бас л тарьчихсан. Юу болж байгааг мэдэхгүй, мансуурлын байдалтай байсаар Монголд ирсэнээ мэдсэн. Нэг хүн бичиг бариад тулгаж хараад байсан.

Тэгээд намайг Тагнуулын ерөнхий газрын хонгилд авчирсан. Н.Баттулга гэдэг хүн намайг С.Зоригийг алсан гэдгээ хүлээ гэж тулгаж байсан. Мөн Н.Эрдэнэбат гэдэг хүн миний байсан өрөөнд орж ирээд “Чамайг маш аймшигтай хувь заяа хүлээж байна. Энхтайван С.Зоригийг алъя гэж ятгасан гэж хэл. Мөн чи онгоцоор бус, газраар явсаар Хиагтаар Монголд ирсэн гэж хэл” гээд буу тулган айлган сүрдүүлж, зарим үед хий буудаж байсан. Намайг хүчээр тагнуулын туслах болгож “Энхтайваныг тагна, мэдээлэл өг” гэж тулгаад Золи гэдэг нууц нэр өгсөн” гэж мэдүүлж байжээ. Олон гэрчийн мэдүүлснээр Д.Энхбатыг тагнуулын гүйцэтгэх ажилтнууд 2003-оны тавдугаар сарын 15-нд Каен хотоос баривчлаад 18-нд Монголд авчирсан байдаг. Энэ тухай тухайн үед онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан н.Оюунчимэг мэдүүлсэн байдаг юм. Д.Энхбат олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэргийг үйлдэгчийг илрүүллээ гэсэн мэдээлэл тархаж эхлэнгүүт санаа нь зовж өмгөөлөгч авъя гэсэн хүсэлт гаргасны дагуу түүний эгч нь өмгөөлөгч Л.Санжаасүрэнд хандсан байдаг.

Хэдий амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа ч тэрээр гэм зэмгүй Ч.Энхтайваныг гүтгээд, өөрөө амьд гарахыг хүсээгүй аж. Түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх хүн бүхэнд өргөдөл гомдол илгээсэн байдаг. ТЕГ-ын ажилтнуудын хууль бус үйлдлийг хянуулах хүсэлтээ Нийслэлийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Даваадоржид гаргажээ. Тэр хүн хянаж үзээд тагнуулынанд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй. Эрүүгийн хэргийн 20446080 тоот хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй А.Бат-Эрдэнийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэсэн хариуг өгсөн байх юм. Л.Санжаасүрэн мөн л Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандсаны мөрөөр тус албаны дарга хурандаа Б.Галдаа Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлэл өгөхийг хүссэн байх юм. Гэтэл 2003 оны наймдугаар сарын 1-нд явуулсан хариу мэдэгдэлд “Шүүхээс ялтан Д.Энхбатыг эрэн сурвалжлан, олж баривчлахыг даалгасны дагуу олон улсын хууль хяналтын байгууллагын тусламжтайгаар эрэн сурвалжилж, 2003 оны тавдугаар сарын 25-нд баривчлан авчирч, холбогдох хэргийг шалган, ялыг эдлүүлж байгаа болно. Түүнийг эрэн хайж, баривчлан олж ирсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж Эрүүгийн цагдаагийн газрын удирдлага хариу мэдэгджээ.

Монгол Улсын эрүүгийн нөхцөл байдлыг арван хуруу шигээ мэдэх ёстой энэ газрынхан хилээр хэнийг авч гарч, оруулсныг мэдэхгүй, түүгээр ч зогсохгүй Интерполоор хэнийг эрэн сурвалжилж байгаа, үгүйгээ мэдэхгүй байсан нь даана ч гутамшигтай. Д.Энхбатыг 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр цагдаагийнхан хүлээж авахдаа хотод бус Сэлэнгэ аймгийн Хиагтыг сонгосон байдаг. Хүний эрхийг хөсөр хаясан энэ мэт хэрэг Д.Энхбат агснаар төгсгөл болоогүй юм. Ажлаа хийж, өмгөөлөгчийнхөө үүргийг биелүүлж байсан Л.Санжаасүрэн улсын нууц задруулсан хэрэгт гүтгэгдээд зогсохгүй эрүүгийн хуулийн 125.1 гэсэн зүйлээр шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр Өмгөөлөгчийнх нь эрхийг хууль зүйн сайд Ц.Нямдорж түдгэлзүүлсэн нь одоо ч хэвээр байгаа аж. Түүний хамгийн эмзэглэдэг зүйл нь үнэний төлөө явсан иргэнээ бэлгийн дур хүслээ зүй бусаар хангах гэсэн аймшигт хэрэгт гүтгэж, эцэстээ ямар ч үндэслэлгүй болох нь тогтоогдсоор байтал ажиллах амьдрах эрхээр нь боомилсоор байгаа аж.

image

Хүний амь нас хохирсон хэрэгт хэн буруутай юм бэ Энэ асуултыг бие биедээ тавьж ярилцах хүн цөөнгүй болжээ. Гүйцэтгэх ажилтнаа хамгаалж, үүрэг өгсөн хүмүүст хариуцлага тооцъё гэсэн мессэж явж буй ч шат шатандаа хариуцлага тооцох нь шударга, ёс зүйтэй хэрэг. Б.Хурцыг өнөөдөр саатууллаа. Маргааш энэ ажиллагаанд оролцсон, н.Сийзхүү, А.Бат-Эрдэнэ, н.Эрдэнэбат нарыг саатуулж, олон улсын шүүхийн тавцанд аваачихад бэлэн байгааг бүгд мэдэж байна. Манай сонин эдгээр хүмүүсийн нэрийг анх гаргасан ч Европын холбооны орнуудын цагдаагийн байгууллагад тэдний тухай хэн мэдээлж, илчлэв гэдгийг монголын хууль хяналтынхан нууцалсаар байх уу. Тагнуулын ажилтнууд Б.Хурц нарД.Энхбатыг саатуулахдаа зодож, тариа тарьсныхаа төлөө хариуцлага хүлээх учиртай. Онц ноцтой хэрэгт сэжигтнээр татах эрх тэдэнд хуулиар олгогдсон ч хүнийг амь насаа алдах байдалд хүргэх хуулийн заалт баймгүйсэн. Хэрэг илрүүлсэн нэр зүүх гэж улайрсан байцаагч хууль зөрчиж байхад энэ хэрэгт хяналт тавьсан прокурор юу хийж байсан юм бэ. Хүн өөрт тохиолдсон хэрэг байдлаа хэлсээр байтал анхаарлаа хандуулж шалгахын оронд бие биенээ хаацайлж суусан эрх мэдэлтнүүд энэ хэрэгт бүгд буруутай. Монголын хууль хяналтын байгууллага хүний эрхээ хэрхэн дээдэлж, хууль ёсоо дээдэлж, шударга ажилладаг эсэхийн шалгуур энэ болох нь.

Үйл явдал хэрхэн хөврөв

image

Гаднын оронд тагнуулын үйл ажиллагаа явуулж, хүний эрх чөлөөнд халдсан хэргээр олон улсын шүүхийн тавцанд гарсан ч дуулиан тэгсгээд намжсан юм. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан нь их нөлөөлж иргэнээ гэм зэмгүй салгаж чадсан юм. Харин нэг нь гэм зэмгүй салж байхад Монголын тагнуулчдын буруу үйл ажиллагаа, тамлалыг даагаагүй нас барсан Д.Энхбат агсаны гэр бүл маш их гомдолтой үлдсэн бөгөөд тухайн үед Ерөнхийлөгчөөс авахуулаад бүх шатны удирдах ажилтан, УИХ-ын гишүүд, Хүний эрхийн үндсэний комисс гээд гомдлоо бичээгүй газар гэж үгүй. Хоёр хүү нь аавынхаа амь насыг нэхсэн захидлаа Францаас удаа дараа илгээсэн ч ямар ч үр дүн гараагүй. Харин эсрэгээр Б.Хурц ял зэмгүй салж 2011 оны IX сарын 27-ны өдрийн 14.30 цагт тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Буянт ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Тэрбээр албан тушаалд томилогдон төд удалгүй ТЕГ-ын дарга болсон юм.

Одоо үйл явдал хэрхэн өрнөж байна вэ?

2016 оны сонгуулийн дараа Б.Хурц ажлаа өгсөн. Түүнийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжилж байна.

image

Б.Хурц хэмээх эрхэм ийм үйл явдлыг туулсаар өнөөдрийг хүрсэн.Шүүхийн байгууллага хүнийг эрүүдэн шүүсэн асуудалд ямар ял шийтгэл оноох бол.

image

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.