Бүрэн тоноглолтой био аюулгүй байдлын явуулын лабораторитой боллоо

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Цогбадрах нар есдүгээр сарын 4-6-нд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтанд оролцжээ. Энэ үеэр ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанаас зохион байгуулж байгаа түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Уг арга хэмжээг нээж ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албаны дарга хатагтай А.Ю.Попова үг хэлсэн ба тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд хүний эрүүл мэнд хийгээд бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.



Тэрбээр Камаз маркийн автомашинд суурилсан, иж бүрэн тоноглогдсон био аюулгүй байдлын лабораторийн түлхүүрийг сертификатын хамтаар Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэнд гардууллаа. Уг явуулын лаборатори нь байгалийн голомтот халдварт өвчний тархвар зүйн судалгаа хийхэд нэн чухал шаардлагатай юм. 

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн уг лабораторийн автомашины түлхүүрийг гардан авч хэлсэн үгэндээ Монгол Улс болон ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа нэн ялангуяа эрүүл мэндийн салбар дахь найрсаг хамтын ажиллагаа олон жилийн баялаг түүхтэйг онцлоод дээрх явуулын лаборатори нь Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, хил орчмын бүс нутагт тандалт судалгаа явуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд хатагтай Д.Сарангэрэлээс хатагтай А.Ю.Попова-д илгээсэн мэндчилгээ болон Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг уламжлав.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь Оросын Холбооны Улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Холбооны хяналтын албатай Тарваган тахал өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрийг 2018 оны 2 дугаар сард байгуулсан ба энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа идэвхитэй өрнөж байна. Тухайлбал, дээрх байгууллагаас 2018 онд манай улсад 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ГA3-33027 маркийн автомашинд суурилсан явуулын лабораторийг буцалтгүй тусламжаар олгосон юм.