Ц.Элбэгдоржийг Н.Алтанхуягийн нэр төрд халдсан хэмээн сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ няцаалт хийж, нэг сая төгрөгийг Н.Алтанхуягт олгуулах шийдвэр гарчээ.

Ц.Элбэгдорж телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийн Засгийн газрыг огцруулж өгөөч хэмээн өргөдөл өгсөн хэмээн ярьсан нь ор үндэсгүй тул нэхэмжлэгч Н.Алтанхуяг шүүхэд хандсан байна.

Түүний хувьд худал мэдээлэл тарааж, нэр хүндэд нь халдсан тул нэг тэрбум төгрөг нэхэмжилж буйгаа тухайн үед өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлж байсан билээ.

Энэхүү нэхэмжлэлийн дагуу шүүх хурал болж дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.