В.Путин БНХАУ руу тавих хийн хоолойг Монголоор дамжуулах боломжийг судлахыг даалгажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Газпром компанийн захиралд Ямалаас Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монголоор дамжуулах боломжийг судлах даалгавар өгчээ. Тэрээр өчигдөр тус компанийн захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр Путин “Баруун чиглэлээр буюу Монголоор хий дамжуулахын тулд Ямал, Красноярск, Эрхүүгийн бүс нутгуудын байгалийн хийн нөөцийг судлах хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн энэ зам нь амаргүй боловч боломжтой гэдгийг онцлоод Хятадын тал ч дэмжих хандлагатай байгаа талаар Миллерт ярьсан байна.

Газпром компани нь арванхоёрдугаар сарны 1-нээс эхлэн “Сибирийн хүч” хоолойгоор Хятадын зах зээлд байгалийн хий экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм. ОХУ 30 жилийн хугацаанд Хятадад нэг их наяд куб метр байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээг байгуулжээ. Газпром компанийн захирал “Энэ нь дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч орон хамгийн том импортлогч зах зээлд нийлүүлэлтээ эхлэх түүхэн үйл явдал" гэдгийг онцолсон байна.  

Одоогоор хоёр улсын эрх баригчид өөр чиглэлээр Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх боломжуудыг судалж байгаа аж.

Эх сурвалж: Reuters, Tass