У.Хүрэлсүх: Ажлаа хийвэл хий, хийхгүй бол зайлцгаа


Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох хүмүүст зарим үүрэг даалгаврыг өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болов. Энэ үеэр зарим төсөл хөтөлбөрүүд хэрэгжихгүй байгаад бухимдаж, урам хугарч буйгаа илэрхийлэв.

Тэрбээр “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь шийдээд байхад яагаад ажиллахгүй байгаа юм. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын ард гадаадад сургуульд төгссөн залуучууд төрдөө зүтгэе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол монголын төрөөс зайлцгаа. Соёл урлагийн үндэсний театрт хийгээд тавьцан макетаа хар. Төрийн ордонд оруулж ирсэн макетыг хар. Битгий доромжлоод байгаарай. Сургуулийн сурагч ч ийм макет өгөхгүй. Чингис хааны музей шиг хийчихиж болохгүй байна уу. Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа. Ажилаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяраа” гэв.