СҮМО: “Хакухо цом” 10 дахь удаагаа болно

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргалын нэрэмжит “Хакухо цом” сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь удаагаа зохиогдохоор болжээ. Өсвөр үеийн хүүхдүүдийг бие бялдрын өв тэгш хүмүүжил, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, түүндээ тэмүүлсэн зорилготой болгон төлөвшүүлэхэд тус тэмцээний гол зорилго оршдог юм.

“Хакухо цом” тэмцээнд аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчид ес, 10, 11, 12, 13-15 насны буюу таван ангиллаар өрсөлдөнө. Мөн уг тэмцээний 10 жилийн ой тохиож буй тул багийн барилдааныг мөн зохион байгуулахаар болсон байна.

Тэмцээн хасагдах журмаар зохиогдох бөгөөд нас тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болон “Уран барилдаанч бөх”, “Техниктэй бөх”, “Дайчин барилдаант бөх”-ийг тус тус тодруулан шагнана.

Оролцох тамирчдыг 10 дугаар сарын долооноос 17-нд “Их Шавь” цогцолборт бүртгэх бөгөөд тэмцээн 10 дугаар сарын 18-ны Баасан гарагийн 09:00 цагаас “Спортын төв ордон”-ы “А” танхимд болно.