Ж.Батбаясгалан: 35 иргэн эмнэлэгт хандсаны 6 нь эмчилгээ хийлгэж байна


Угаарын хийнд хордсон гэх 16 иргэн эмнэлгийн тусламж авсан ч дөрвөн иргэн амь насаа алдсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл яг одоо Нийслэлийн онцгой комиссоос энэ асуудлаар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Аравдугаар сарын 3-наас 5-ны хооронд 35 иргэн угаарын хийнд хордсон байж болзошгүй байдлаар хандсан. Дөрвөн хүн амиа алдсан. Яг одоогийн байдлаар зургаан хүн эмчлүүлж байгаагаас 16 настай эмэгтэй хүүхдийн биеийн байдал муу байна. Сайжруулсан түлшнээс 23 дээж авч, гурван байгууллагын лабораторид шинжлүүлж байна.

Иргэд нэг талдаа дулаанаа хангах гэж байгаа боловч, нөгөө талдаа иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх учраас мэргэжлийн байгууллагаас тусламж дэмжлэг авч ажиллах хэрэгтэй байна.

Мэргэжлийн байгууллагууд эрсдэл бууруулах мэдээлэл, сургалт хийх зайлшгүй шаардлагатай байна.

Түлш үйлдвэрлэх, инженерийн шугам сүлжээнээс гадна өвөлд бэлдэх ажил иргэн бүрээс хамааралтай.

Түүхий нүүрс түлсэн ч тэр дулаан ялгаруулж байгаа зүйлийг шатаах явцад ямар ч түлш байсан ялгардаг. Статистик харахад өнгөрсөн жил гэр орондоо амь насаа алдана гэдэг харамсалтай. Түлш түлэх, зуухыг аюулгүй байлгахад иргэдтэй хамтран ажиллана.

Түлшийг 30 орчим мянган тонн түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн, Монгол Улсын стандартад нийцсэн түлш. Түлшнээс хордсон гэж хэлж болохгүй. Барьцалдуулагч бодис импортоор орж ирж байгаа, шинжилгээ хийж, хүлээн зөвшөөрөгдсөн. Дахин шинжилгээнд өгнө. Албан ёсны дүн гарахад мэдээллийг хүргэнэ” гэсэн юм. 

Харин мэргэжлийн хяналтын байгууллагаас  “Таван толгойн түлш сайжруулсан түлшинд бүх шинжилгээг хийж, иргэдэд худалдаалж болох юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Нийслэлийн онцгой комиссын өчигдөр оройны хуралдаанд бид 200 мянган айл зэрэг түлэхэд нэг хүрэхгүй хувьд нь асуудал үүслээ. Хэрэглээнээсээ болж хордсон юм биш үү гэдэг асуудлыг тавьсан. Буруу хэрэглэсэн, зуухаа буруу суурьлуулсан, яндан буруу байрлалтай байх, буруу түлсэн, хадгалалт зэрэг асуудлаас болсон байх магадлалтай” гэсэн тайлбарыг өгч байна. 

Ямартай ч шинжилгээний хариу гарсны дараа хэрэв түлшийг үйлдвэрлэхэд технологийн горим алдсан байвал хэрэглэхийг хориглож буцаан татна, түүнээс өмнө худалдсан хэвээр байна гэв. Одоогоор мэргэжлийн байгууллагууд иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.