Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан


МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. 

Тэрээр “Өнгөрсөн есдүгээр сарын дундуур УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсаныг хүлээж авлаа. Одоо хоёр хувилбар байна. УИХ-ын 73 дугаар тогтоолоо засаад Ард нийтийн санал асуулга явуулах, эсвэл гуравдугаар хэлэлцүүлгийг хийх. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа.

Мөн бүлгийн хуралдаанаар өнгөрсөн амралтын өдрүүдэд сайжруулсан түлшнээс иргэд угаартсан талаар Шадар сайдаас мэдээлэл сонслоо. Бүлгийн зүгээс ЗГХЭГ-аас яаралтай арга хэмжээ авч буруутай этгээдэд хариуцлага тооцож, дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн чиглэл өглөө.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, амиа алдлаа. Засгийн газарт хариуцлага тооцох уу?
-Өнөөдрийн байдлаар дүгнэлт гараагүй байна. Дүгнэлт гарсны дараагаар буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина.

-МАН Ард нийтийн санал асуулга явуулах байр суурь дээрээ хэвээр байгаа юу. Эсвэл үргэлжлүүлэн гуравдугаар хэлэлцүүлэг хийх байр суурьтай байна уу?
-Ард нийтийн санал асуулга явуулах эсвэл гуравдугаар хэлэлцүүлэг хийх гэсэн аль нэгийг нь сонгоно. Олонхийн бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэхдээ бид Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан.

-Ард нийтийн санал асуулгыг явуулах тохиолдолд ирэх жилийн сонгуультай хамтатгах уу?
-Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орвол найруулгын шинжтэй зүйл орно. Шинээр санал оруулах гэвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулна. Энэ асуудлыг зөвшилцлийн хүрээнд тодорхой ярина.

-2020 оны төсөв хэлэлцэх хуулийн хугацаатай. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ гэвэл төсөв хугацаандаа амжих уу, ямар зарчмаар явахаар байна вэ?
-
Арваннэгдүгээр сарын 15-н гэхэд төсөв хэлэлцэх ёстой. Гуравдугаар хэлэлцүүлгийн дундуур төсөв хэлэлцэх боломжтой.