БНЭУ-ын Газрын тосны сайд Дорноговийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана

БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр Энэтхэг улсын Засгийн газрын дэмжлэгтэй байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, бэлэн болсон дэд бүтэцтэй танилцах товтой байгаа юм.

Энэ долоо хоногт Сайншанд хотоос үйлдвэр хүртэлх 27 км төмөр зам, 18.8 км автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг улсын комисс хүлээж авах хуваарьтай байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг 236 сая ам.доллароор нэмэгдүүлэх болсноо БНЭУ-ын Ерөнхий сайд мэдэгдсэн юм.

Жилийн 1.75 хувийн хүүтэй зээлийн хугацааг 20 жилээр тохирсон бөгөөд харин зээлийн үндсэн төлөлтөөс эхний таван жилд чөлөөлөгдөхөөр гэрээнд тусгасан байна. Төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа “Engineers India Limited” компанийн боловсруулсан ТЭЗҮ-д нийт бүтээн байгуулалтын зардлыг нэг тэрбум 236 сая ам.доллар байна гэж тооцоолжээ.

Үйлдвэрийн барилга, угсралт 2023 он гэхэд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Үйлдвэр ашиглалтад орсноор 600-700 орчим ажлын байр бий болж, Монгол Улсын гадаадад төлж буй нефтийн бүтээгдэхүүний зардлын урсгал 20-30 хувиар буурна гэж тооцоолж байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг мөн УИХ-аар хэлэлцэх товтой байгаа юм.