Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөг ганцаараа тууж байгаа хүн шүү дээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд хандаж өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Мэдээллийнхээ үеэр олон нийтэд хүргэхийг хүссэн зүйлээс нь өөрийнх нь ярианаас товчлон хүргэж байна. Тэрбээр “Өнөөдөр 10 сарын 10-ны өдөр. Би нэг самбартай цаг үеийн асуудлаар ярьдаг болоод удсан. Харин манай хэвлэл мэдээллийнхнээс тэр самбартай ярьсан юмаа бидэнтэй нэг яриач гэсний дагуу би өнөөдөр та нартай уулзаж байна. 

Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулахаа зарлалаа




2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр би арга байхгүй Монголын нийгэмд МАНАН гэдэг бүлэглэл бий болсон тухай хэлсэн. Тэр үед Ц. Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Хаан байсан. Би МАНАН-г хамгийн түрүүнд Ц.Элбэгдорж гэдэг боддог юм. Өөрийнх нь барьцаанд ордог болон барьцаалагддаг нөгөө “бөлдөгддөг” хүмүүсээрээ Монголын төрийг дүүргэж, тэр хэрээрээ төрийг самарч орхисон хүн бол Ц.Элбэгдорж. Элбэгдорж үнэхээр хэцүү байсан. Түүний үед барьцаанд орсон, эсвэл бөлдөгдүүлсэн хүмүүсээр төрийн удирдах алба дүүрсэн. Шударга бусын хонгил дундуур хэдэн жил явж, ойр дотны хүмүүсээ орон шоронд явуулсан хүний хувьд би хэлэхээс аргагүй боллоо.

Зурган дээр байгаа бусад хүмүүс бол гардан гүйцэтгэгчид нь. УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг. Энэ хүн найман жил УДШ-ийг толгойллоо. С.Зоригийн хэргийг гардан шийдсэн хүн. Хууль хүчний байгууллага Д.Дорлигжав. Бас л Элбэгдоржийн тушаалаар Ерөнхий прокурор болсон хүн. Миний найз л даа. Энд би хэдэн найзаа бас хэлнээ. Яа яа, Монголын төр 1937 он шиг дээрээсээ команд өгөхөд шууд гардан гүйцэтгэдэг хүмүүс маш аюултай. М.Энх-Амгалан бас л Ц.Элбэгдоржийн тушаалаар Ерөнхий прокурор болсон хүн. Б.Хурц энэ хүнийг баруун европын шоронгоос авчирч АТГ-т орлогч дарга, ТЕГ-ын даргаар тавьсан.

Сонгуулийн хуулийг битгий өөрчил гэж би Э.Бат-Үүлд их хэлсэн. Үгэнд ороогүй. Тэр гавьяа байгуулсан. Тэгээд ч баатар болсон. Намайг намынхнаа ингээд байх юм гэдэг. Монголд нам байхгүй болчихсон ш дээ. МАНАН ба бусад гэдэг л ойлголт бий.

Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө ш дээ. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөг ганцаараа тууж байгаа хүн ш дээ. Тэгээд дахиад намайг шүүхэд өг л дөө. Эрдэнэтийн овоолгын шороог ч үлдээхгүй Цагаантайгаа нийлээд үйлдвэр байгуулчихсан идэж байгаа хүн. Цаана нь Эрдэнэтийн 20 мянган иргэн үйлдвэр байгуулна гэж хөөцөлдөөд хоорондоо хэрэлдээд, тэднийг өөр хооронд нь цохилдуулаад л явж байгаа хүн ш дээ. Ийм шударга бус юмыг бид хамтарч устгах ёстой шүү. Устгах устгахдаа сонгуулиас өмнө устгахгүй бол ямар ч сонгууль явуулна, МАНАН дахиад л гарч ирнэ. Би үйл явдал дээр тулгуурлаж, дандаа үнэн факттай юм ярьж байгаа шүү. Би үнэн л юм хэлнэ. Хүнийг гүтгэж хэрэггүй” гэсэн юм.

Энд ямар нэгэн тайлбар огт хэрэггүй. Улс төрчид бие бие рүүгээ чулуу шидэж, өөр хоорондоо хөлөө жийлцэж байх зуурт бидний мэдэхгүй нууц зүйлс ил болж, төрөөс яаж иддэг механизм нь хэрхэн илрэх нь л чухал биш гэж үү.