Монгол, Казахстаны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан БАРИМТ БИЧГҮҮД

-GoGo.mn сайтын сэтгүүлч Э.Онон Нур-Султан хотоос мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У Мамин Засгийн газрын ордонд ёслол төгөлдөр угтан авлаа.

Хоёр улсын Ерөнхий сайд нар 25 минут орчим ганцаарчилсан уулзалт хийсний дараагаар албан ёсны хэлэлцээр хийж, нийт долоон баримт бичигт гарын үсэг зурав.

Монголын талаас ХНХЯ-ны сайд С.Чинзориг, БХБЯ-ны сайд Х.Баделхан, УУХҮЯ-ийн сайд Д.Сумъяабазар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Д.Мурат, Г.Солтан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга нар хэлэлцээ хийхэд байлцлаа.

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа Казахстан Улсын Засгийн газрын ордонд болов.

АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЗУРАГДСАН БАРИМТ БИЧГҮҮД

  1. ”Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын 1993 оны 10-р сарын 22-ний өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-д Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хууль зүйн сайд Марат Бакытжанович Бекетаев нар,
  2. “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын терроризмтой тэмцэх асуудлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Гэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч дарга Абиш Самат Сатыбалдыулы нар,
  3. "Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол шинжлэх ухаан яам хоорондын 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-д Монгол Улсын Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд  Рустем Айдарбекович  Бегари нар,
  4. Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол , соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол шинжлэх ухаан яам хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд  Рустем Айдарбекович  Бегари нар,
  5. “Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
  6. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-т Монгол Улсын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотын Засаг дарга Алтай Сейдирович Кульгинов нар,
  7. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын А.И.Бараевын нэрэмжит Үрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн .И.Бараевын нэрэмжит Үрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төвийн захирал Кенже Кожахметович Абдуллаев нар тус тус гарын үсэг зурлаа.