О.Цэцэглэн: Дэлхийн тайзнаа бусад уран бүтээлчдээ гарахад нь гүүр болон ажиллахыг хичээж байна


Европын орнуудад болдог дэлхийн хэмжээний шоунд монгол нугараач О.Цэцэглэн оролцож, ур чадвараа гайхуулж яваа мэдээлэл бидэнд ирсэн юм. Испанид болж буй шоунд оролцоод цаг завгй байсан ч бидэнтэй холбогдон дараах ярилцлагыг өгсөн юм. Дэлхийд монгол нугараачийн ур чадварыг гаргаж яваа О.Цэцэглэнд амжилт хүсэн ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу. Юуны өмнө дэлхийн томоохон хотод болж буй шоунд оролцож байгаад баяр хүргэе?

-Баярлалаа. Монголд циркийн урлаг тэр дундаа уран нугаралт маш сайн хөгжсөн. Дэлхийд эхний байрт жагсах хэмжээнд хөгжсөн нь олон оронд тоглолт хийж байхад мэдрэгддэг. Ийм амжилтанд хүрэхэд үе үеийн уран нугараачид, уран бүтээлчдийн хичээл зүтгэл орсон. Дэлхийн уль ч улсад очсон нуран нугараач гэж хэлэнгүүт “Монголиа” гэж шууд асуудаг. Монголчуудын уран нугаралтын чадварыг хүлээн зөвшөөрсөн нь илт байдаг юм.

Яг энэ цаг үед Монголд циркийн урлаг уналтанд орж, зах зээл нь бага болсон. Тиймээс чадварлаг уран бүтээлчид нь чаддаг зүйлээ, үнэлдэг газарт нь үзүүлж, ажиллаж амьдарч байна.

-Таны оролцож байгаа шоу яг хаана болж байгаа юм бэ. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

-Анх Берлинд оролцсон шоу төв театрт нь болсон. Монголоор бол тухайн улсын үндэсний их театр гэсэн үг. Энэ шоуг дэлхийд алдартай Нарны циркийн найруулагч нь найруулж, үзүүлбэрээ сонгон ажилласан юм. Шоуны хүрээнд дуучин, бүжигчин, хөгжимчид гээд урлагийн маш олон салбарын уран бүтээлчид оролцдог бөгөөд циркийн дөрвөн үзүүлбэртэй. Олон чадварлаг хүмүүсээс сонгогдон циркийн үзүүлбэрийн нэг хэсэг нь болж чадсандаа баяртай байна.Дэлхийн циркчдийн хүсэн хүлээдэг нэг том тэмцээн нь “Монте Карло” юм. Энэ шоунд тус тэмцээнд оролцож, шагнал авсан уран бүтээлчдийг сонгодог. Сонгогдсон бүх үзүүлбэр нь “Монте Карло”-гоос шагнал авсан циркчид оролцож байгаагаараа онцлог байна.




-Сүүлийн үед монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт өөрийн хийж чаддаг зүйлээрээ гайхуулж, амжилт дагуулсаар байгаад олон нийт залуу үе та бүхнээр бахархаж байна. Чиний үзүүлбэрийг анзаарч байхад уран нугаралттай бүжгийн элементийг хоршуулсан мэт санагдлаа. Ямар урсгал юм бол?

-Дэлхийн хэмжээний шоу гэдгийг би хэлсэн. Хамгийн хүнд дасгал хийх нь тийм чухал биш. Харин хүний нүд баясгаж, алжаал тайлсан, цагийг аз жаргалтай өнгөрөөх тийм үзүүлбэрийг илүүд үздэг. Мэдээж ур чадварыг бас харуулах ёстой. Урлаг, уран сайхан, драмтай байх тал нь илүү давамгайлсан гэж олгож болно. Хийж чаддаг зүйлээ дэлхийн олон оронд үзүүлж, чадвараа үнэлүүлж буй залуусаараа  би ч бас бахархдаг.

-Берлиний болон Испанид болдог энэ  мэт шоунд хэдэн орны ямар ур чадвартай хүмүүс оролцож байна вэ?

-Үнэхээр гайхалтай ур чадвартай хүмүүстэй хамтран ажиллах боломж надад олдсон. Оролцож буй хүмүүсийн ур чадварыг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Мянга ярихаар нэг үз гэдэг дээ. Дэлхийн хэмжээний том тайз, том шоу гэж өөр байдаг юм байна. Зөвхөн тайзны ажилтан гэхэд нь зуу хол давсан хүмүүс ажиллаж байна. Арын алба хөгжим хувцас хэрэглэл, техник, нүүр будалт артистын хэсэг гээд нүсэр том ажил юм. Үнэлэмж өндөр учраас тэр хэмжээний хариуцлага, ур чадвар тухайн хүнээс шударгаар шаарддаг. Энэ шоунд би буйдан дээр нугарах байсан ч нэг өдрийн өмнө найруулагч буйдангаас татгалзсан. Хэрхэн яаж үзүүлбэрээ амьдруулах талаар бодоод нүдэндээ төсөөлж хоноод маргааш бэлтгэл дээр хөгжим дуучинтайгаа туршиж үзэхэд маш сайхан болсон. Би өөрөө ямар үзүүлбэрийг ямар дуучинтай, ямар маягаар үзүүлбэл илүү болохыг анхаарч, анзаарч маш их төсөөлж боддог. Тэр төсөөллөөрөө ажлаа хийснээр муу болсон удаа байхгүй.

МУСТА уран нугараач О.Цэцэглэнгийн амжилтууд

-Та одоо өрөө бие дааж ажиллаж байгаа гэсэн үү?

-Германы Берлин хотод болдог шоунд оролцох гэрээг нэг жилээр хийгээд гэрээний хугацаа дууссан ч би суурин байхаар шийдээд үлдсэн.Өөрөө ажлаа хийж уран бүтээлээ аривжуулж, татвараа төлж хуулийн дагуу нь ажиллаж амьдарч байна.Усыг нь уувал ёсыг нь дагадаг гэдэг дээ. Яг одоо бол би Испанид нэг сар гаруй үргэлжилдэг том шоунд оролцохоор ирчихсэн байна.

-Та Монголын үндэсний их театрт ажиллаж байхдаа НҮБ-ын танхимд тоглолтоо сонирхуулсан гэсэн. Энэ бас хүн бүхэнд олдох хувь тавилан биш шүү?

-Миний мэргэжил банкны нягтлан бодогч л доо. Гэхдээ би багаасаа уран нугаралтаар хичээллэж, энэ урлагтаа дуртай учир нягтлан бодогчийн ажлаа хойш тавиад Улсын ардын дуу бүжгийн чуулгат ажиллах болсон. 2011 онд Монголын

100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг  НҮБ-ын танхимд тоглолт хийх болсон.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров гуай удирдаж авч яваад бид Монголынхоо соёл урлагийг гайхуулж чадсан. Н.Жанцанноров гуай “Тавин жилд нэг удаа болох их том шоунд бид оролцлоо” хэмээн бахдан хэлж байсан. Монголынхоо сор болсон уран бүтээлчидтэй тийм том арга хэмжээнд оролцсондоо бахархаж, бахдаж явдаг.

-Берлинд очоод удаж байна уу. Хүний нутгийн зун хахир өвлөөс ч хүйтэн гэх нь бий. Монгол хүн ямагт л эх орон элгэн саднаа гэдэг сэтгэлтэй. Та эх орноо санаж байна уу?


-2018 оны наймдугаар сард Берлинд ирээд гэрээний дагуу ажилласан. Ирээд удаагүй болохоор санах нь гайгүй л байна. Олон зүйл үзэж, санаа олж, шоуг хэрхэн зохион байгуулж олонд хүргэж байгааг хараад суралцах зүйл их байна. Завгүй байх тусмаа хүн их зүйл амжуулдаг. Эх орноо, эцэг эхээ санадаг ч өдөр бүр чатаар ярьж, хамт байгаа мэт л байдаг учир гайгүй шүү.

-Цаашдаа ямар уралдаан тэмцээн, шоунд оролцох бодолтой байна вэ?



-Өөрийн гэсэн сайттай болж мэдээллээ түгээснээр хүмүүс мэдээлэл хангалттай авч, урилга ирүүлдэг болсон. Би бие даан ажлаа өөрөө олох боломжтой болсон. Зөвхөн өөртөө бус бусад уран бүтээлчдэд туслах ямар боломж байгааг давхар судалж байна. Манай уран нугараачид АНУ-д их байдаг. Европын бусад оронд ажиллаж амьдрах илүү боломжийг эрэлхийлж, уран бүтээлчдээ гүүр болохыг хичээн ажиллах болно.

-Гайхалтай сайхан үзүүлбэрээ дэлхийд таниулж, эх орныхоо нэрийг өндөр өргөж явахыг хүсье?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын хил давсан бол Эгшиглэн биш Монгол гэдэг нэртэй боллоо гэж боддог. Тиймээс нэрээ хичээж , эх орныхоо нэрийг өндөрт өргөж явах болно. Та бүхэнд баярлалаа.