Баян-Уул суманд сар гаруйн хугацаанд баавгай харсан 14 тохиолдол бүртгэгджээ


Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт идэш тэжээлийн хомсдолоос болж баавгай орж ирэх нь түгээмэл боллоо. Иймд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас сумдын иргэдтэй энэ талаар уулзалт зохион байгуулжээ.

Дорнод аймгийн нутагт дэвсгэрт есдүгээр сарын 16-ны өдрөөс хойш Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумын нутагт хүрэн баавгай, баавгайн бамбарууш харсан 14 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг байгуулан ажиллаж байна.

Баавгай улаан номонд орсон нэн ховор амьтан. Зайлшгүй тохиолдолд буудахыг хуулиар зөвшөөрнө гэж тус аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн иргэдэд мэдээлэв. Баян-Уул сумын нутгийн иргэд, малчид суурьшлын бүсэд ойр хэд хэдэн газарт баавгай байна гэж мэдээлсэн бөгөөд сумын Онцгой комисс тус бүс нутагт шуурхай эргүүл хийхийг даалгав. Мөн Шуурхай багаас онцгой тохиолдолд авах арга хэмжээний талаар зөвлөмжийг сумын Онцгой комист өгсөн байна.