Ерөнхий хяналтын сонсголд 34 байгууллагын төлөөлөл, 213 иргэн оролцож байна

Нийслэлийн иргэний танхимд сайжруулсан шахмал түлшний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийж байна.

“Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэд, шинжээч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудыг урьдчилан бүртгэсэн. Мөн олон нийтэд мэдээлэл түгээх хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэлтийг бичгээр авч, оролцуулж байна.

Төрийн болон төрийн бус 34 байгууллагын төлөөлөл, 213 иргэн оролцохоор бүртгүүлжээ.

 

УИХ-ын 12 дугаар тогтоолоор баталсан 2017 оны журмын дагуу сонсгол явагдаж байна. Сонсголд 58 иргэн үг хэлэхээр бүртгүүлжээ. Нэг хүн 3 минут үг хэлнэ. Саарал мандаттай иргэд ажиглагчийн байр сууринаас оролцож буй тул үг хэлэх эрхгүй гэж журамд заасан нь саарал мандаттай иргэдийг бухимдуулсан ч хурал даргалагч НИТХ-ын дарга Р.Дагва хүн бүхэнд үг хэлэх боломж олгоно гэснээр намжив.

С.АМАРСАЙХАН: ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ НАСЫГ ДАХИН ЭРСДҮҮЛЭХГҮЙ БАЙЛГАХАД АНХААРНА

Сонсголыг нээж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үг хэлэв, ЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн удирдлагууд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Эрдэнэт хүний амь насыг дахин үрэгдүүлэхгүйн тулд ажилласаар байна. Эхлүүлсэн шинэ ажил алдаа оноотой байдаг ч эрсдэлийг нэн тэргүүнд арилгахын тулд сайжруулсан түлшний зөв хэрэглээнд сургах чиглэлээр бүх сувгаар зөвлөмж зөвлөгөө өгсөөр байна.

НИТХ-ын төлөөлөгч Баатархүү, Утааны үндсэн шийдэл бол 2012-2016 онд эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт. Сайжруулсан түлш, утаагүй зуух бол завсрын шийдэл мөн. Иргэдийн дунд эргэлзээтэй асуудал байгаа, айдас ч байгаа. Иргэд яагаад олноороо амь үрэгдэв. Дүн өвлийн хүйтн түлшний нөөц хүрэлцэх эсэх олон асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ гэж найдаж байна. 

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр ҮАБЗ хуралдаж, Улаанбаатар хотын утаа гамшгийн түвшинд хүрснийг зарласан. Үүний дараа түүхий нүүрсний хэрэглээг хотын төвд хориглох ЗГ-ын 62 дугаар тогтоол гарсныг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхэд хяналт тавих 10 гаруй пост ажиллаж байна. Түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухуудын цахилгаан халаалтын системд шилжүүлэх ажлын хүрээнд 250 халаалтын зуухыг цахилгаанд шилжүүллээ. Мөн айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулах юм. 363 борлуулалтын цэгт сайжруулсан түлш борлуулж байна. 560 цэгт шахмал түлш борлуулах бэлтгэл ажил хангагдаж байна.

Тавантолгой түлш компанийн ерөнхий инженер Батбилэг, 2018 оны тавдугаар сарын 14-нд байгуулагдсан. Үйлдвэрлэлийг шинээр байгуулах, ажилчдыг сургах, түлш үйлдвэрлэх гэсэн үе шаттай ажиллаж байна. 800 гаруй ажилчинтайгаар 24 цагаар ажиллаж байна. Хоногт 1500-1600  тонн түлш үйлдвэрлэж байна. Жилд 1.2 сая тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Дотроо 4 үйлдвэртэй. Сайжруулсан шахмал түлш Монгол Улсад мөрдөгддөг гурван стандартыг хангаж ажиллаж байна.


Ухаа худагийн уурхайгаас жилд 1.2-2 сая тонн баяжмал буюу үндсэн түүхий эд авах боломжтой. Энержи ресурс компани нийгмийн хариуцлагын үүднээс жилд 600-800 мянган тонн нүүрсээр хангах, цаашид таван жил түүхий эдээр хангах гэрээ хийсэн. 

ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын утаа эзэлж байна. Утаа гэдэг шаталтаас үүсдэг, түлшнээс хамаарч утааны чанарын асуудал яригдаж буй юм. Түлшинд ямар бодис байна, тэрнээс үүдэж тухайн бодисын исэл үүснэ. СО бол эрүүл мэндэд ямар ч хоргүй. Хүхэр, азот зэрэг нь хортой. Утаагүй түлш гэж бий. Манайхан хогийг шатаадаг, хогонд хлор агуулагддаг. Хлор бол хамгийн их хортой.

Шахмал түлш бол чийг багатай, илчлэг өндөртэй стандартын түлш. Монгол Улсын нийт нүүрсэнд хүхрийн агууламж харьцангуй бага. Хуучин Багануурын нүүрсний илчлэг 3600 байсан бол сайжруулсан түлшнийх 6000. Тэгэхээр бага түлэх ёстой. Багануурын нүүрс шиг их хэмжээгээр түлбэл гэрт байхын аргагүй халуун болно. Шахмал түлшнээс угаарын хий  үүснэ. Үүнийг 220 мянган өрх яаж хэрэглэснээс хамаарна. Янданг хөөлөх нь маш чухал. Гадаа дулаахан байгаа учир бүрэн хэмжээгээр түлээгүй байгаа. Тиймээс хүйтрэхээс өмнө

Б.ДӨЛГӨӨН: НЭН ТҮРҮҮНД ОЛОН ТӨРЛИЙН ЗУУХАНД САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ШАТАЛТЫН ТУРШИЛТ ХИЙМЭЭР БАЙНА

Судлаач Б.Дөлгөөн, Би 2007-2008 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр түлш зуухны олон улсын экспертүүдийг хамтарч ажилласан туршлагатай. Нэн түрүүнд бид олон төрлийн зуухан дээр шаталтын туршилт хиймээр байна. Түлшийг шатаахад л угаарын хий үүснэ. Би өнөөдөр хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний найрлага ямар ч асуудалгүй гэдэгтэй санал нийлж байна. Гол нь дутуу шаталтаас угаарын хий үүсэж байна.
Шаталт дутуу явагдвал угаарын хий ялгарна. Аравдугаар сард нас барсан найман иргэний дөрөв нь нүүрс төрөгчийн дутуу ислээс үүссэн гэх дүгнэлт гарсан. Хүүхэд жингээс хамаарч маш богино хугацаанд угаарын хийд хорддог. Нэг нүүрс хэрэглэж байхад зуух бүхэн өөр өөрөөр шатааж байна.

2018 оны 12 сарын сүүлийн байдлаар 206 мянгаас 153 мянган зуух тоологдсон. 100 гаруй мянга нь ердийн зуух байсан. Сайжруулсан түлш ханан пийшинтэй бол илүү эрсдэлтэй байна. Тэгэхээр Улаанбаатар хотын өрхүүдийн хэрэглэж буй 18 төрлийн зууханд шаталтын тест нэн даруй хийх ёстой. Дарь эхэд зуухны туршилтын лаборатори байгаа.

Эцэст нь хэлэхэд иргэд айдастай байна. Гэр хорооллын 10 өрхийн 3 нь шөнө түлэхгүй байна. Ид өвлөөр яндангийн таталт муудна. Тэр үед ханан пийшинтаэй айлууд эрсдэлд орно. Үүнээс өмнө түлш бүрээр шаталтын туршилт хиймээр байна. Шаталтын үр дүнг зуух бүрээх гаргахаас өмнө иргэд өгөх зөвлөмж:

  • Яндангаа хөөлж, дулаалмаар байна
  • Зуухаа зас, сайжруулсан зуух аваарай
  • Ханан пийшингээ нураагаач, аль болох өндөр яндан хэрэглэ гэв. 

ИРГЭД АЙДАСТАЙ БАЙНА, 10 ӨРХИЙН 3 НЬ ШӨНӨ ГАЛЛАХГҮЙ БАЙНА

Иргэд сайжруулсан түлшний талаар үгээ хэлж, албаны хүмүүсээс асуулт тавьж эхэллээ. Ерөнхий сонсголын журмын дагуу 58 хүн үг хэлнэ.

Чингэлтэй дүүргийн иргэн Баяртунгалаг, Би энэ түлшийгнэг сар хэрэглэж байна. өглөө 9 цагт өдөрт нэг удаа л галлаж байна, дулаан байна. Манайх ханан пийшинтэй. Зааврын дагуу пийшингээ сайн цэвэрлэж байна. Утаа бага гарч байгаа ч гадуур явахад толгой өвдөж байна. Энэ нь агаарынх болов уу гэж бодож байна.

ЧГД-ийн иргэн Жаргалсайхан, Найман иргэн угаарын хийд хордож амиа алдлаа. 500 гаруй иргэн хордлоо. Энэ асуудлыг хариуцсан хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ? Долоо хоногт зургаан шуудай шахмал түлш олгож байна. Гэр хорооллын иргэд гал алдах вий. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг 11 сард өгнө гэсэн юу болж байна? 

Хан-Уул дүүргийн иргэн Отгонсүрэн, Нэг шуудай нь 25 кг, 3750 төгрөгийн үнэтэй. Манайх төслийн зуухтай, бага багаар түлнэ. Нэг шуудайг хоёр хоног түлж байна. Яг дүн өвлийн хүйтнээр гэр дулаацуулна гэж итгэхгүй байна. Хэд хоногийн өмнө хүйтрэхэд гэр халахгүй байна. Манай хашаанд хүүгийнх, ээжийнх тус тусдаа амьдардаг. Бага насны хүүхэдтэй. Өндөр настай ээжтэй, ээждээ маш их санаа зовж байна. Гал түлэхэд эвгүй үнэр гардаг, цонхоо онгойлгож байж галладаг. 

Хан-Уул дүүргийн VIII хорооны иргэн, Иргэдийн толгой өвдөж байна. Энэ юутай холбоотой вэ? Ихэнх иргэд айгаад шөнийн цагаар галлахгүй байна. Айдасгүйгээр түлж болох уу? 

СҮҮЛИЙН 10 ЖИЛД 118 ТОХИОЛДОЛД 158 ХҮН УГААРЫН ХИЙД ХОРДОЖ НАС БАРСАН

Иргэдийн асуултад мэргэжлийн хүмүүс хариулт өгч байна. 

Тавантолгой түлш компанийн ерөнхий инженер Батбилэг, ШУТИС-ын Зуухын туршилтын төвд олон төрлийн шаталтын туршилж хийж байна. Сардаа хоёроос доошгүй удаа зуухны туршилт хийж байгаа. Хүйтрэхэд зуухны таталт сайжирна. Тэгэхээр ид өвлийн үед угаарын хийд хордох аюул багасна. Хавар, намрын завсрын үед угаарын хий ялгарах нь их байдаг. 

НЦГ-ын төлөөлөгч, Сүүлийн 10 жилд 118 тохиолдолд 158 хүн угаарын хийд хордож нас барсан. 2019 оны аравдугаар сарын 9-нөөс хойш угаарын хийд хордож нас бараагүй. Энэ намар долоон тохиолдолд найман хүн нас барсан. Хэргийг прокурор хянаж байна. Түлшний хэрэглээтэй холбоотой угаарын хийн хордлого гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан.