С.Даваасүрэн: Санхүүгийн зохицуулах хорооны даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө


Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргатай хариуцлага тооцох асуудал хөндөгдөөд буй. 

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, энэ баасан гарагт эцэслэн шийднэ. Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын даргад хандан ил захидал илгээгээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр өглөө Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ. 

Тэрбээр Монголын төрд бугшсан бусармаг явдал, эрх мэдэлтнүүдийн чадваргүй байдал, улс төр ба төрийн албанд бий болсон зохиомол гажуудлыг засахын тулд зогсолтгүй зүтгэхээ илэрхийлсэн юм.  

Түүний мэдэгдэлд, 

"Миний бие Санхүүгийн зохицуулах хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр өгөөж нь энэ цагтаа ч ирээдүй хойчид маань ч ирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа. 

Үүнээс илүү том асуудал нь төрийг тохинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ. Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна. Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. 

Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид л хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсноо албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.