Мянган залуу инженерийн чуулга уулзалт болно

Ерөнхий сайдын ивээл дор Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Залуу инженерүүдийн үндэсний чуулган - 2019” нэгдсэн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.


Энэхүү чуулга уулзалт нь Монгол улсын хөгжлийг тодорхойлж буй таван салбарыг онцолж буй юм. Аж үйлдвэрийн IV хувьсгалд Монгол улс хөл нийлүүлэн алхахын тулд засгийн газар болон түүний нэгжүүд Мэдээлэл, харилцаа холбоо, Уул уурхай, Эрчим хүч, Барилга болон Зам тээврийн салбарыг залуу инженерүүдтэй хамтран хөгжүүлэхээр ажиллах анхны алхамыг ийнхүү хийх гэж байна.

Чуулганы үеэр Монголын Залуу Инженерүүдийн Үндэсний Сүлжээг байгуулан, салбарын шинэ үе асуудал шийдлүүдээ нээлттэй хэлэлцэнэ.

Мөн чуулганаас Монгол Улсын Засгийн газарт хамтран ажиллах санал зөвлөмжүүдээ хүргүүлэхээр төлөвлөсөн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.