380 мянган тонн улаан буудай хураан аваад байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн ургац хураалтын байдал, ургацын  чанар аюулгүй байдалд шинжилгээт хяналт шалгалтыг хийжээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 340 мянган га талбайд улаан буудай тариалснаас 380 мянга орчим тонн улаан буудай хураан аваад байна.  Үүнээс гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд 200 мянган тонн  орчмыг нь хүлээн авчээ.

Найм, есдүгээр сард их хэмжээний бороо орсноос шалтгаалан ногоон тариа ихтэй, чийг өндөртэй буудай үтрэм дээр бууж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрлэлийнхээ техникийн хүчин чадалд тааруулан энэхүү тарианы хольцын үзүүлэлт өндөртэй улаан буудайг цэвэрлэх, хатаах ажлыг хийж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим аж ахуйн нэгжийн үтрэмийн талбай дээр итгэмжлэгдсэн лабораторийн  ургамлын үр, хорио цээрийн  шинжээчдээр улаан буудайн чанарт шинжилгээ хийлгүүлж газар дээр нь  улсын байцаагчийн чанарын дүгнэлтийг гаргасан байна. Энэ жилийн хувьд улаан буудайн цавуулаг харьцангуй өндөр, эзлэхүүн жин багатай байна. 

Мөн чийгээс үүдэлтэйгээр тарианы үзүүр харлах, тариан түрүүн дээрээ дахин соёолох зэрэг Монгол Улсын хүнсний болон үрийн улаан буудайн стандартад заагдаагүй, тодорхой судлагдаагүй үзүүлэлтүүд лабораторийн шинжилгээний дүнгээр илэрсэн байна.

Үүний дагуу Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд рүү судалгааны дүнг хүргүүлсэн ба аж ахуйн нэгжүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд зөвлөн туслах үйлчилгээг хүргэжээ. Ургацын чанар тааруу байгаатай холбоотойгоор 2020 оны тариалалтад шаардагдах үрийн нөөц бүрдэлт хангалтгүй байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.