“Дүнжингарав” худалдааны төвд маргаан үүсч, шийдэгдэхгүй байна

“Дүнжингарав” худалдааны төвийн нэг сарын түрээсийн төлбөр 495 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр тус төвийн түрээслэгчид өнгөрсөн сард жагсаал зохион байгуулж, худалдааны төвийн захиргаа болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. “Дүнжингарав” худалдааны төвийн захиргаанаас төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж буй түрээслэгчидтэй гэрээ байгуулахгүй гэдэг байр суурьтай байсан юм.

Тэгвэл “Дүнжингарав” худалдааны төвийн захиргаа, түрээслэгчдийн маргаан хурцаджээ.

Тус худалдааны төвийнхөн түрээслэгчдийг байхгүй хойгуур лангууг нь эвдэн орж, барааг нь гаргаж, зарим цахилгаанаар онгойдог хаалганы тогийг нь салгасан байжээ.

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-ий зохицуулагч Б.Жагараас энэ асуудлаар тодруулахад “Шүүхээс “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчдийн эрхэнд ямар нэгэн байдлаар халдах, албадан гаргахгүй байх тухай шийдвэр гарсан. Гэвч “Дүнжингарав” худалдааны төвийн захиргаанаас шүүхийн эсрэг үйл ажиллагаа явуулсан байна. Түрээслэгчдийн лангууг эвдэж, барааг нь гаргаж тавьсан байна гэж тэдний төлөөлөл мэдээлэл өгч байна. Би өөрөө бол очиж үзээгүй. Өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр “Дүнжингарав” худалдааны төвийн захиргаанаас түрээслэгч нарыг лангуугаа суллах тухай шаардах бичиг өгсөн юм билээ. Энэ ням гарагийн орой лангуугаа суллахыг шаардсан байсан. Энэ хүрээндээ иргэдийн өмчийг лангуунаас гаргасан бололтой. Ингэж хувь хүний өмчид халдаж болохгүй” гэлээ.

“Дүнжингарав” төвийн түрээслэгчид цагдаад хандан, энэ асуудлыг шалгуулж байгаа ажээ.